Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1800 орчим ТҮЦ бий. НИТХ-ын 2022 оны 34-р тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан. Уг журамд ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгасан байдаг.
Тодруулбал, дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй гэж заажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй болон ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгсөн байна.
Үүний дагуу Баянзүрх дүүргийн зүгээс энэ долоо хоногт ТҮЦ эрхлэгчидтэй уулзан, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ. Харин бусад дүүргийн хувьд худалдаа эрхлэх байршил тогтоон, нүүлгэх шаардлагатай ТҮЦ-үүдийн судалгааг гаргаж байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлууд хөвөрч байна. Тухайлбал, зарим ТҮЦ-ийг машин эргэх эргэлт дээр буюу явган хүний гарц хаан байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй юм. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна. Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.