СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлав.

Монгол Улс Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн.

Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлсэн байдаг. Зөвлөлийн гишүүн улсуудыг агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг, агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг, газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн гурван ангиллаар Ассамблейгаас гурван жилийн хугацаатай сонгодог юм.

Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь агаарын навигацийг өргөжүүлэх гишүүн улсуудын санаачилгыг дэмжиж, 2016 оны 39 дүгээр Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоог 19 байсныг 21 болгон нэмэгдүүлсэн байдаг.

Агаарын навигацийн комисс нь олон улсад агаарын навигацийг хөгжүүлэх бодлого тодорхойлох, мэдээлэл цуглуулах, стандарт, шаардлага тогтоох, зөвлөмж боловсруулах, техник, технологийн асуудлаар дэд комисс томилон ажиллуулах зэргээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй байнгын ажиллагаатай комисс юм. Уг комиссын бүрэлдэхүүнийг гишүүн улсаас нэр дэвшүүлсэн, иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй хүмүүсийн дотроос Зөвлөл сонгон шалгаруулж томилдог. 

Монгол Улс багтдаг Ази, Номхон далайн бүсээс долоон улс буюу Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос улс Зөвлөлийн гишүүнээр 2022 онд сонгогдсон.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь тус хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэнээр эцэслэн батлав.

Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг ийнхүү эцэслэн баталснаар Монгол Улс энэхүү Протоколуудыг соёрхон батлахаар боллоо. Соёрхон баталснаар Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг болохоос гадна мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах боломж бүрдэнэ. Мөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.