Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан тус газрын эзэмшилд байсан төрийн өмчийн эд хөрөнгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт шилжүүлэх; Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцдаг байгууллагууд аймаг, нийслэлийн өмчид шилжсэнтэй холбогдуулан шинээр баригдсан болон хуучин ашиглаж байсан хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ, зохицуулалт, хэрэглээнээс хамаарч орон нутгийн өмчид байлгах шаардлага үүссэн байна.
Мөн нийтийн эзэмшилд зориулан улсын төсөв, төрийн өмчит компаниас санхүүжүүлэн барьсан хөрөнгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит байгууллага хариуцах; Нийгмийн эрүүл мэндийн түргэн тусламж, үйлчилгээ, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад эд хөрөнгө шилжүүлэх; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинуудыг алслагдсан сумдын цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд болон хот тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчийн байгууллагад шилжүүлэх шаардлагын хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, А.Адъяасүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд УИХ-ын дарга холбогдох асуудлыг цогцоор нь хэлэлцүүлэх, хууль санаачлагч хэлэлцүүлэгт оролцох шаардлага тавьж “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.