“Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн талаар бид өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байв.
Тэгвэл эл хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх дээр он удаан жил болсон “Жаст групп” ХХК-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн нэг холбогдогч Г.Амарбатыг гадаадын аж ахуйн нэгжээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж буй. Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт, валютын орлогыг татан төвлөрүүлнэ. Гадаад худалдааны гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавина. Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт зохион байгуулна” гэх зэрэг албан үүрэг хариуцан хэрэгжүүлдэг байжээ.
Энэ үедээ эрх мэдлээ урвуулан тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” компанийнханд үйлчилж тээвэрлэлтийн хуваарийг хүсэлтийнх нь дагуу өөрчилж өгсөн аж. Үүнийхээ хариуд их хэмжээний буюу 678 132 ам.долларын хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. НПГ-аас Г.Амарбатад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, 18.6-1-ийн “Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж. “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд Г.Амарбатын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.
Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулсан “Таурус металс” компанитай богино хугацаат зээлийн гэрээ байгуулж мөнгө авахдаа “Зохион байгуулалтын шимтгэл”-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан ч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүйг 2021 онд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд дурдсан байдаг. “Таурус металс”-аас авсан богино хугацаат зээлийн зөрчлийн хэмжээ 7.7 тэрбум төгрөг болоод байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.