Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ өдрүүдэд хуралдаж, төв банкны бодлогын хүүг 13 хувиар хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
-Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах;
-Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох;
-Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргажээ.
Жилийн инфляц 2023 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувьтай гарсан байна. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голлон нөлөөлжээ. Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур багасахын зэрэгцээ шатахууны үнийн төсөөлөл буурснаас инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулсан байна. Ийнхүү инфляц цаашид алгуур саарах хүлээлттэй байгаа хэдий ч валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж болзошгүй юм.
Эдийн засгийн идэвхжил 2022 оны 4 дүгээр улиралд хүлээлтээс өндөр байхад БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөлжээ. Хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах хүлээлттэй байна.
Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгджээ. Түүнчлэн глобал эдийн засагт инфляцын эрч саарч, бусад төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хурдаа сааруулж эхлээд байна. Гадаад болон дотоод нөхцөл байдал хүлээлтээс сайжирсан хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь геополитикийн асуудлаас үүдэн даамжрах эрсдэл хэвээр байна.
Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах, хүүний коридорыг нарийсгах болон банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох бодлогын шийдвэр гаргажээ. Энэхүү бодлогын арга хэмжээ нь төгрөгийн өгөөжийг хадгалах болон банкны гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгосноор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, улмаар инфляцыг зорилтот түвшин рүү илүү хурдан бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.
Гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.