УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээнэ. Гэвч үнэнийг хэлэхэд иргэд, олон нийтийн хувьд “...УИХ ямар ямар хуулийн төслийг хэлэлцэж батлах вэ” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоотой хэн хэнийг яахаар шийдэх вэ” гэдгийг илүү анхаарч байна.
Учир нь, нүүрсний хулгайд холбогдож, өнгөрсөн намраас хойш хуулийнхны хяналт, иргэдийн хараанд орсон хэд хэдэн гишүүн бий.
Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас энэ хулгайтай холбоотой гэх 17 хүнийг зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тэр гишүүдийн гурав нь яллагдагчаар татагдаж, улмаар Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй болоод байна. Харин тэдний нэгээр нэрлэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг хэрэгт хамааралгүй болж таарсан. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны хоёрдугаар сарын 10-нд “...Тус хэлтэст иргэнээс ирсэн мэдээллийн дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн албан бичиг илгээжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Мөн чуулганы завсарлагаар хоёр ч гишүүн “...УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаад шалгуулъя” гэдэг хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. “...Тэдний хүсэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл байсан.
Үүнээс гадна мөрдөх байгууллагуудаас сүүлд хэд хэдэн гишүүнийг “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ АТГ-аас өчигдөр зарлалаа.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурор гадаад улсад томилолтоор ажиллаж байна. Ирээд энэ асуудлыг шийднэ. АТГ-ын саналыг “...Үндэслэлтэй” гэж үзвэл УИХ-д санал гаргана. Тэр цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болоод бусад гишүүн “...Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү” гэдэг нь нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Б.Дамдин-Очир
"Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.