СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-09

🔴LIVE: Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төвөөр дамжуулан авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 1111 төвөөр дамжуулан авна. Ингэснээр манай улсын хамгийн хурцадмал асуудал болсон авлигын эсрэг тэмцэлд нийтээр нэгдэж, эдийн засгийн тэгш боломжийг иргэддээ хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ. 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:

-Манай нийгмийн хамгийн хурцадмал сэдэв авлига. Авлигын индексээр Монгол Улс жил бүр оноо алдаж байна. 180 гаруй улсаас 116-д эрэмбэлэгдсэн. Авлигын хэргээр шүүхээс ял авсан этгээдүүдийн тоо 2022 оны байдлаар 318 болж өсжээ. Манай улсын нийт хадгаламж эзэмшигчдийн 97 хувийг 20 хүртэл сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн данс эзэлдэг байна. Энэ нь манай улсад тэгш бус байдал ямар түвшинд байгааг харуулсан тоон үзүүлэлт юм. Цаашдаа авлигатай тэмцэж байж эдийн засгийн тэгш боломжийг иргэддээ хүргэнэ. 

Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь "Шүгэл" ажиллагаа. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүлсэн. "Шүгэл" ажиллагааны ажлын хэсэгт ЦХХХ-ны Дэд сайд Б.Эрхэмбаатар, ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхөлөг, ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Т.Ганзул, АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал, ТЕГ-ын Дэд дарга С.Хүдэрчулуун, УУХҮ-ийн Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, ЭЦА-ны дарга Д.Сүхболд, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул, "Шинэ сэргэлтийн бодлого" худасгуур төвийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн зэрэг хүмүүс багтсан. ХЗДХ-ийн дэд сайд миний бие тус ажлын хэсгийг ахална.

Эхний ээлжид 1111 төв дээр долоо хоногийн баасан гараг бүрд шүгэл ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй 09:00-12:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулна. Мэдээлэл авах эхний арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 10-нд болно.

Засгийн газар улс төрийн эр зориг гарган, авлига, хүнд суртлын эсрэг ажиллагааг эхлүүлээд байна. Бид иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана. Иргэд нэрээ нууцлан баримт, мэдээлэл өгөх боломжтой. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл бид мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлнэ. Хамтдаа авлигын эсрэг тэмцэх нь манай ажлын хэсгийн гол зорилго. 

Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. ХЗДХЯ-наас энэ хуулийн төслийг боловсруулсан. УИХ энэ хуулийг яаралтай батална гэж найдаж байна гэв.               

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.