Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр долоон машин, хоёр хүүхэд дайрсан хэргийн шүүгдэгч Ч.Маралмаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Олон нийтийн сүлжээнд түүнд оноосон ял багадсан хэмээн шүүмжлэх болсон. Шүүх уг хэргийг хэрхэн үнэлж, ял шийтгэл оноосон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Очоос тодрууллаа.
-Шүүгдэгч Ч.Маралмаад ногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх ямар нөхцөл байдал тогтоогдсон юм бэ?
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж өгсөн байдаг. Харин мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.4 дэх заалтад “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Тус шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолооны курс төгсөөгүй хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж болдог юм уу гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна л даа. Үүнд тайлбар өгч болох уу?
-Энэ гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалтай бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялтай. Шүүхээс шүүгдэгч Ч.Маралмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдэг утгаар нэмэгдэл ял оногдуулахгүйгээр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноосон тохиолдолд энэ шүүгдэгч нэг сар, эсхүл нэг жилийн дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах боломжтой гэсэн үг. Энэ үүднээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд ч гэсэн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах хуулийн зохицуулалттай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо хэнийг доромжилсон шүүхийн шийдвэр вэ жолоодох эрхгүй хүний эрх хасна ч гэх шиг тэр нь ч яахав хуулийнханы хийж байгаа залилан байг гэж бодьё амьтаны нялх үрс тэгээд хохь чинь гэсэн үг үү
Ялзарсан шүүх засаглал... Хоёр нүүрээ харуулж байна.