СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-06

Д.Зоригт: “Bravo circus-2” тоглолтод өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Браво-2" Олон Улсын циркийн тоглолт Монголд тоглогдоход цөөн хоног үлдээд байна. Дэлхийн 11 орны жүжигчид буюу "Bravo circus"-ийн уран бүтээлчид гуравдугаар сарын 24-нөөс буюу сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн 10 хоногийн хугацаанд цирк сонирхогчдын цангааг тайлж, дуу алдам үзүүлбэрүүдээ үзэгчдийн хүртээл болгох юм. Энэ талаар УГЗ, “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригттой ярилцав.

-Юуны түрүүнд “Шинэ цирк” төвийн талаар уншигчдад танилцуулаач?

-2007 онд Улсын цирк хувьчлагдсаны дараагаар Хятадаас нүүдлийн майхан циркийг оруулж ирэн “Шинэ цирк” төвийг байгуулсан. Одоо 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.

-Өнгөрсөн оны аравдугаар сард “Bravo circus”-ийн хамт олон хүүхэд багачуудад зориулан тоглолтоо хийсэн. Түүнээс хойш хэдхэн сарын дараа “Браво-2” тоглолт болох гэж байна. Тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ удаад өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдсэн. Онцолбол, Ямар нэгэн хамгаалалтгүйгээр 15-20 метрийн өндөрт агаарт чөлөөтэй дүүлэн нисдэг агаарын үзүүлбэр бий. Циркийг алиалагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс дэлхийд алдартай Гиннесийн номд бичигдэж байсан Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбэр мөн Киргизийн нэрд гарч яваа залуу алиалагч, жонглёрчин ирнэ. ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид хуран чуулна.

-Тоглолтын бэлтгэл ажилдаа хэзээнээс эхлэн орсон бэ?

-Тоглолтын бэлтгэл ажлыг “Браво-1” тоглолтыг дуусгаад шууд л эхэлсэн. Энд ирэх номеруудаа сонгож, ирэх хүсэлтийг тавин, гэрээ хэлэлцээрээ хийсэн. Одоо болох тоглолтоо эхлээгүй байгаа ч “Браво-3” тоглолтыг хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлсэн. “Браво-3” тоглолтыг илүү өвөрмөц шийдэлтэйгээр намрын улиралд хийхээр төлөвлөөд байна. Циркийн үзүүлбэрийг жилдээ хоёр удаа зохион байгуулдаг хэвшмэл байдлыг цаашдын зорилгоо болгон ажиллаж байна.

-Циркийн тоглолтыг Бөхийн өргөөнд зохион байгуулж байгаа шүү дээ. Ямар нэгэн асуудал тулгарч байв уу?

-Одоогоор Монголд циркийн барилгад хамгийн ойрхон очиж байгаа байгууламж нь Монгол бөхийн өргөө юм. Мэдээж бага зэрэг асуудал тулгарч байгаа ч түүнийгээ даваад явж байгаа. Тоглолтод агаар орон зайг эзэлсэн төрөл бүрийн дэлхийн том том үзүүлбэр оролцож байгаа учир дэлхийн циркийн стандартад нийцсэн, Монголд өмнө нь засаж байгаагүй тоглолтын манеж тайзыг Монгол Бөхийн өргөөнд иж бүрнээр нь жүжигчид болон үзэгчдийн аюулгүй ажиллагааг 100 хувь хангаж засаж тохижуулсан. Бидний ажлыг эергээр ойлгон, дэмжиж, бүхий л талаараа хамтран ажиллаж байгаа Бөхийн өргөөний хамт олонд баярлаж байна.

-Орон нутгаар аялан тоглолт хийх бодолтой байгаа юу?

-“Браво-1” тоглолтыг хийсний дараа орон нутгийн оршин суугчдаас маш их хүсэлт ирсэн. Зарим үзүүлбэрийн хувьд овор ихтэй багаж ашиглагддаг мөн амьтдыг тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс бид тоглолтын нөхцөл байдалд тохируулан, үзүүлбэрээ дахин боловсруулж, судалгаа шинжилгээ хийсний дараагаар Эрдэнэт, Дарханд тоглолт хийх бодолтой байна.

-Циркийн урлагаар нийгэмд юуг харуулахыг зорьдог вэ. Циркийн урлагийн давуу талыг та юу гэж боддог вэ?

-Цирк бол дуу, бүжиг, хувцас дизайн, орон зай, эр зоригийг нийлбэр цогц урлаг. Циркийн урлаг бол гайхамшиг. Учир нь бага насны хүүхдийг үлгэрээр хүмүүжүүлдэгтэй адил, хүмүүс агаарт дүүлэн нисэж, нохой муураас өөр арслан барыг тэжээж, сургаж болдгийг хараад тэр жоохон хүүхдийн оюун бодолд гайхамшиг гэдэг ойлголт бий болдог.

Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэрэг бүгдийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж Монголын Циркийн урлагийн жүжигчид зохион байгуулагчид маш их хичээж ажиллаж байна. Эцэг эхчүүдийг хүүхэд багачуудтайгаа хамт нэг үдшийг циркийн урлагтай хамт өнгөрүүлж, жаргалтай мөчийг бэлэглэнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Билет Захиалга: TICKET.mn Цахим Тасалбар, Монгол бөхийн өргөөний кассаар зарагдана. Тасалбарын үнэ 40000 төгрөг. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Ярилцсанд баярлалаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.