Гурван өгүүлбэрээр:
ГВАН буурав
Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.39 тэрбум ам.доллар болсон нь өмнөх сараас 4.63 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.87 хувиар буурсан үзүүлэлт болсныг Монголбанк мэдээлэв. Албан нөөцийн 2.15 тэрбум ам.доллар нь харилцах, хадгаламж хэлбэрээр гадаадын банк санхүүгийн байгууллагуудад байршиж байгаа бол үлдсэн хэсэг нь ОУВС-д байршуулсан хөрөнгө, зээлжих тусгай эрх болон бусад нөөц байна.
Хөдөлмөр эрхлэлтийн тайлан
2022 оны IV улиралд улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. Хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.9 хувь болж өмнөх улирлаас 1.2 нэгж хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 2.11 сая нь хөдөлмөрийн насны хүн ам, 1.2 сая нь ажиллах хүчинд тооцогдож байна.
Байр суурь
"Канадын компаниуд гадаадын ямар нэгэн улсад хөрөнгө оруулахдаа хэд хэдэн хүчин зүйлд ихээхэн анхаарал хандуулдаг. Үүнд урьдчилан таамаглах боломж, шударга, ил тод системд тулгуурласан хууль тогтоомжийг мөрдөх байдал, гаднын нөлөөлөлгүй хараат бус шүүхийн систем багтана. Эдгээр хүчин зүйлс аливаа улс оронд тогтвортой хөрөнгө оруулалтын орчин байгааг илтгэдэг. Хөрөнгө оруулагчид өмнө нь хэрэгжиж байсан хууль журам, бодлогын баримт бичиг урьдчилан таамаглах боломжгүйгээр өөрчлөгдөж эсвэл хуулийг буцаан хэрэглэж байгаа улс оронд хөрөнгө оруулахаасаа болгоомжилдог. Энэ нь хөрөнгө оруулагчдад сөрөг үр дагавартай" хэмээн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
"Инвескор"-т $5 сая
"Инвескор ББСБ" ХК Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас 5.0 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. Санхүүжилтийг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах бөгөөд харилцагчдын санхүүгийн хэрэгцээг ханган бизнесийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолжээ. Энэхүү урт хугацаатай, барьцаагүй, тэргүүн ээлжид төлөгдөх нөхцөл бүхий зээл нь "Инвескор ББСБ" ХК-ийн ЕСБХБ-наас татсан анхны санхүүжилт болж байна.
Гадаад харилцаанд...
АНУ-ын шинээр байгуулагдсан 118 дугаар Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагчаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Даррелл Исса нар ажиллахаар боллоо. Монгол Улсын Их Хуралд Монгол-Америкийн Парламентын бүлэг мөн ажилладаг бөгөөд тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилладаг юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Япон улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзаж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход онцгой ач холбогдол өгч буйгаа онцоллоо. Мөн тэрбээр айлчлалынхаа хүрээнд Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодатай албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Удаанаар урагшилна
Ням гарагт эхэлсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы нээлтийн өдөр эрх баригчид 2023 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо таван хувь гэж тогтоосон нь таамаглалаас харьцангуй даруу зорилт болсныг шинжээчид онцолж байна. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг хурдасгах томоохон дэмжлэгийн арга хэмжээ төлөвлөөгүйн дохио болсон аж. Хурлаар яригдсан бусад асуудлууд, дэвшүүлсэн зарим зорилтуудыг танилцуулбал:
Баярлалаа, Тэйлор
Дэлхийн тэргүүлэх хөгжмийн компани болох "Universal Music"-ийн борлуулалт IV улиралд хүлээлтийг давахад Тэйлор Свифтийн цомог хамгийн ихээр нөлөөлснийг шинжээчид мэдээллээ. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт 17 хувиар өсөж, 3.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. 2018 онд Тэйлор Свифттэй урт хугацааны гэрээ байгуулж байсан тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард алдарт дуучны цомог олон нийтэд хүртээл болсноос найман долоо хоногийн дараа зургаан сая ширхэг борлуулагдсаныг мэдээлжээ.
Уналт хүлээж байна
Инфляцыг хяналтдаа оруулахаар тэмцэж буй ХБНГУ болон Итали улсын эдийн засаг энэ оны эцсээр уналтад орох бол Евро бүсийн хувьд уналтаас зайлсхийнэ гэж "Fitch Ratings" байгууллага үзсэн байна. Хэдийгээр эдийн засгийн энэхүү агшилт нь ноцтой байх магадлал бага боловч уналтад орж байна гэдэг нь өөрөө том асуудал болохыг тус байгууллагын Олон улс хариуцсан захирал Жэймс МакКормак онцолжээ. Түүнчлэн Их Британи 2023 оны эцсээр эдийн засгийн “хөнгөн” уналтад орох эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.
Хятадаас Энэтхэг рүү
"iPhone" гар утасны гэрээт үйлдвэрлэгч "Foxconn" компани Энэтхэгт баригдах шинэ үйлдвэртээ 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Тайвань компанийн энэхүү шийдвэр нь Нарендра Модигийн Засгийн газарт эргэлтийн цэг болж, Вашингтон, Бээжин хоорондын харилцаа хурцадсан энэ үед технологийн хөгжлөөр БНХАУ-тай ойртох боломж олгох юм. Өмнөд Энэтхэгийн Карнатака мужид баригдах 120 га талбай бүхий тус үйлдвэр нь 100 мянган ажлын байр бий болгох төлөвтэй байгаа аж.
Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох "PDAC 2023" чуулга уулзалт Канад улсын Торонто хотноо албан ёсоор эхэллээ. Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийг ярилцаж, салбарын манлайлагчдын дуу хоолой, үнэ цэнтэй байр суурийг сонсох боломжийг олгох энэхүү чуулга уулзалтаас бэлтгэсэн тусгай хөтөлбөрийг "Bloomberg TV Mongolia"-аар хүлээн авч үзээрэй.
Энэ долоо хоногт:
Даваа: Евро бүсийн жижиглэн худалдааны тайлан, БНСУ-ын инфляцын дүн мэдээлэл гарна.
Мягмар: БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн танилцуулагдана. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл хагас жилийн мөнгөний бодлогын тайлангаа Сенатад танилцуулна.
Лхагва: Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн танилцуулагдана.
Пүрэв: Олон Улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт "PDAC 2023" өндөрлөнө. БНХАУ-ын инфляц, үйлдвэрлэгчийн үнийн индекс гарна. Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн танилцуулагдана.
Баасан: "Apple" компани хөрөнгө оруулагчидтайгаа уулзалт зохион байгуулна. Японы Төв банкны мөнгөний бодлогын шийдвэр гарна.
Онцлох чарт
Ердөө 10 гаруйхан километр зайг хувийн онгоцоороо 13 минутад туулахыг илүүд үзэж байгаагаас нь харвал Илон Маск ойрын үед их л завгүй байгаа бололтой. Ялангуяа "Twitter"-ийг худалдан авснаасаа хойш түүний хувьд иймэрхүү аялал хийх нь эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд тэрбээр дэлхийн тэрбумтнуудын дунд хувийн онгоцоороо зорчсон тоогоор хол тэргүүлжээ.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.