Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал болжээ. 23 дахь удаагийн олимпиад энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана.
Уг олимпиадад Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулах бөгөөд Засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм. Урьдчилсан байдлаар энэхүү олимпиадад 30 гаруй орны 240 сурагч 60 багш оролцохоор байна. Манай улсын тухайд 2001 оноос хойш уг олимпиадад оролцож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 3 хүрэл медаль, 4 тусгай байрын шагнал хүртжээ.
Монгол Улсад 1000 гаруй физикийн багш байна. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулснаар багш нарын мэргэжлийн ур чадвар дээшилж, сурагчдын амжилт ахина гэж үзэж байна. Мөн олимпиадад 300 иж бүрэн лаборатори ашиглах бөгөөд олимпиадын дараа лабораториудыг ЕБС-иудад хүлээлгэж өгөх юм. Ингэснээр сургалтын баазыг бэхжүүлнэ гэж зохион байгуулагчид хэлж байна.
Үндэсний хороо нь академик, зохион байгуулалтын, сургалтын гэсэн 3 дэд хороотой. Академик хороо нь олимпиадын бодлого боловсруулах үйл ажиллагааг хариуцаж байгаа бол нэгдүгээр сараас хойш үндэсний хэмжээний физикийн сургалтуудыг сургалтын хороо хариуцан зохион байгуулсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа Азийн Физикийн олимпиадад Нобелийн шагналт эрдэмтнийг ололцуулахаар урилга хүргүүлэн бэлтгэл хангаж байгаа аж.
Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар зохион байгуулалтын ажлын хуваарийг баталж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.