Казах үндэстний ёс заншил, өв уламлжлалыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” уламжлалт арга хэмжээ 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” цогцолборт энэ амралтын өдрүүдэд болж өнгөрөв.
“Бүргэдийн баяр” наадмын зоос шүүрэх тэмцээнд Төв аймгаас оролцсон бүргэдчин Э.Батбилэг, тулам булаалдах тэмцээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин С.Женисбек нар түрүүлсэн бол бүргэдээ гаршуулж, сургасан тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин К.Наурызбек, хоёрдугаар байрт Улаан хус сумаас оролцсон И.Баглан, гуравт Сагсай сумаас оролцсон бүргэдчин Б.Хайзым тус, тус шалгарчээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас гадна Төв, Сэлэнгэ аймгаас ирсэн 19 бүргэдчин оролцож, бүргэдүүд ан авд хэрхэн суралцсаныг, мөн үндэсний хувцасны донж маягийг гадаад, дотоодын жуулчдад сонирхууллаа.
“Бүргэдийн баяр” наадам Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт), Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн, Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн, Казак үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн) зэрэг тэмцээн уралдаанаар өрсөлдлөө.
Мөн тус арга хэмжээнд ирсэн зочдод зориулан морьтон баатрын болон харцага шонхор шувуудын шоу тоглолт, тэмээ унах, бүргэд шувуу болон тэмээтэй зураг даруулах, 360 камераар зураг даруулах, худалдааны хэсгээр зочлох, галын наадам, тойром бүжиг зэрэг урлаг соёлыг арга хэмжээг зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.