“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизээс Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” уралдааныг 11 дэх жилдээ зохион байгуулж, өнөөдөр шилдэг захидлын эздэд шагнал гардууллаа.
Хүй орчлонгийн эх ундарга болсон ижий нарыг магтан дуулж, сэтгэлийн үгсээ захидлаар дамжуулан илгээх боломж олгодог энэхүү уралдааныг өнөө жил “Ханьдаа захидал бичээрэй”, “Үрдээ захидал бичээрэй” сэдвийн дор өргөжүүлэн, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулснаараа онцлог байв.
Уралдаанд 122 захидал ирсэн бөгөөд “Ижийдээ захидал бичээрэй” уралдаанд Барилга засварын цехийн тракторчин Г.Ганзориг тэргүүн байрт шалгарсан бол Баяжуулах үйлдвэрийн ажилтан Г.Үүрийнтуяа дэд байр, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш П.Ганзаяа гутгаар байр эзэллээ.
“Ханьдаа захидал бичээрэй” уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн ХАБ-ын ажилтан Г.Болормаа түрүүлж, 19-р сургуулийн багш Б.Энх-Октябрь дэд байр, 4-р сургуулийн багш Д.Мөнхнаран гутгаар байр эзэлжээ. “Үрдээ захидал бичээрэй” уралдаанд Насан туршийн боловсролын төвийн ажилтан Б.Туул тэргүүн байрт шалгарч, 16-р сургуулийн багш Т.Мөнхзул дэд байр, Авто тээврийн цехийн ажилтан Б.Отгонсүрэн гутгаар байр эзэлсэн байна.
Уралдаан цар хүрээгээ тэлж, захидлын хэл найруулга, өгүүлэмжийн хувьд ч улам чансаажиж буйг шүүгчид онцлов. Шилдэг захидлуудыг Хүүхэлдэйн театрын жүжигчид уншиж амилуулж, үзэгч олны сэтгэлийг хөвсөлзүүллээ.
Шагнал гардуулах ёслолд МУГЖ Б. Сийлэгмаа, СТА М.Энхтогтох нар ая дуугаа өргөж, хөгжимчин СТА А.Дөвтсүрэн хуучир хөгжмийн аялгуугаар хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.