Францын нийслэл Парис хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шар хантаазтнуудын жагсаал болов. Энэ бол уйгагүй тэмцэгч иргэдийн гурав дахь долоо хоногтоо явуулж буй жагсаал хөдлөгөөн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон эзгүй байж таарсан. Аргентины нийслэл Буэнос Айрест Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтад орж нутагтаа эргэж ирсэн даруйдаа Макрон Элисейн ордонд шуурхай хурал хийж, аюулгүй байдлыг сахин хамгаалах хэрэгтэйг анхааруулсан.
Гурав дахь долоо хоногтоо Парист үргэлжилсэн жагсаалын улмаас 400 гаруй хүн баривчлагдаж, 133 хүн гэмтэж бэртсэн байна. Улс орон даяар 36,000 иргэн жагсаалд хамрагджээ. Албаны хүмүүсийн ярьж байгаагаар хий, шатахууны үнийг эсэргүүцэж буй шар хантаазтнууд дунд цагдаа нарын эсрэг үймээн самуун дэгдээсэн, огт зорилгогүй хүн олон байгаа юм.
Засгийн газар иргэдийн байр суурийг хүндэтгэж байгаа хэдий ч үймээн самуун дэгдээсэн хүмүүст зохих ёсны хариуцлага оногдуулна гэдгээ илэрхийлсэн. Шатахууны үнийн өсөлтийг Францын эрх баригчид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com