Дорнод аймгийн Баяндун сум дахь хилийн бүсэд өнгөрсөн бямба гарагт хээрийн түймэр дэгдэж, улмаар хил даван ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон талаар бид мэдээлсэн. Эл түймэр хилийн бүсэд зөвшөөрөлгүй зорчсон иргэдийн машины яндангийн хэт халалтаас болж гарчээ.
Улаанбаатар хотын харьяат Д.Энхбаяр, тус аймгийн Дашбалбар сумын иргэн Д.Тэгшээ, Б.Баттулга нартай хамт “Тоёота 4раннер” загварын тээврийн хэрэгсэлтэй Лүнгийн рашаанд очоод, улмаар үхэр, мал бэлчээхэд тохиромжтой газар хайн улсын хилээс 12 км зайд явж байгаад гал алдсан гэнэ. Тухайн бүсэд үүрэг гүйцэтгэж байсан хилчид түймэр гарч буй талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлснээр хил орчмын дэглэм зөрчсөн гурван хүний буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсныг тогтоон Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Цагдаагийн тасагт тэднийг шилжүүлэн шалгуулж буй аж.
Уг хээрийн түймрийг хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын гал унтраах, аврах 53 дугаар анги, Баяндун, Дашбалбар сумын иргэд хамтран унтрааж, өнгөрсөн ням гаргийн шөнө цурамд оруулсан байна. Гэвч хоёрдугаар сарын 26-ны өглөө их салхитай байсны улмаас гал цурмаас алдагдаж, ОХУ-ын нутаг руу орсныг хилчид, гал сөнөөгчид, иргэд хамтран үдээс хойш нь бүрэн унтраасан гэнэ.
Хил хамгаалах байгууллагынхны мэдээлснээр иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22 000 га газар шатсан гэж буй бол, онцгой байдлын байгууллагынхан энэ түймэрт 86 000 га талбай шатсан гэсэн тооцоо гаргажээ. Түймэр гарсан газар нь өндөр өвс ихтэй, автомашин бараг явдаггүй хэсэг байсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Өдгөө дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.