Гурван өгүүлбэрээр:
МХБ өнгөрсөн сард
Хоёрдугаар сард МХБ-ийн "Топ 20" индекс 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Томоохон компаниудын хувьцааны ханшийг багцлан харуулдаг тус индекс өнгөрсөн сарыг 37,700 нэгжийн түвшинд эхлүүлж байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өсөлтөө хадгалсаар 40 мянган нэгжийн түвшинд хаав. Өнгөрсөн сард хэд хэдэн хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаа мэдэгдсэн юм. Тодруулбал 33 хувьцаат компани нийт 303 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор болсон нь өнгөрсөн оны нийт дүнгээс ойролцоогоор 101 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Байр суурь
"1990-ээд оны эхээр либерал бодлого явуулж, өрсөлдөөнийг чөлөөлсний үр дүнд өнөөдөр Монголын харилцаа холбооны салбар хөгжлөөрөө аль ч орныхоос дутахгүй сайн явж байгаа гэсэн дүгнэлт бий. Өнөөдөр Монголын иргэн бүр ухаалаг утастай, интернетэд холбогдох боломжтой болж, утас эзэмших үнэ өртөг нь хамаагүй буурсан. Энэ ололтоос суралцаж, хэрэгжүүлэх ёстой салбар нь эрчим хүчний салбар. Төрийн 100 хувийн хяналтаас гаргаж, цахилгааны үнийг чөлөөлөх хэрэгтэй байна. Эдийн засгийн утга агуулгагүй, өртгөөсөө хамаагүй доогуур үнэтэй цахилгааныг бид хэрэглэж байгаа" хэмээн "Онч & Company"-ийн Үүсгэн байгуулагч Д.Ончинсүрэн "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцлов.
АПУ ХК-ийн үзүүлэлт
2022 онд "АПУ" ХК-ийн цэвэр ашиг өмнөх оноос 18.7 хувиар буурсныг тайлагналаа. Өнгөрсөн онд компани 838.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 23.7 хувиар өссөн үзүүлэлт болсон ч үйл ажиллагааны зардал болон борлуулалтын өртөг нэмэгдсэн нь ашигт үзүүлэлт буурахад голчлон нөлөөлсөн байна. Тус компани энэ оны эцэс гэхэд хувьцаа эзэмшигчиддээ нийт 46.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоо мэдээлээд байгаа юм.
Чухал зөвшөөрөл
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани 2023 оны санхүүгийн жилийн хайгуулын хөтөлбөртөө Ашигт малтмал, Газрын тосны газраас зөвшөөрөл авснаа мэдээллээ. Тус компани нөөцийг нэмэгдүүлэхэд илүү төвлөрч, "Red Lake" бүсэд нэмж дөрвөн цооног өрөмдөхөөр болсон бөгөөд хайгуулын хөтөлбөр гуравдугаар сараас эхлэхээр байгааг мөн дурджээ. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төсөл гүйцэтгэж буй тус компани өнгөрсөн онд нийт 13 цооногийн өрөмдлөгийн үр дүн хүлээлтээс давсан талаар мэдээлж байв.
АНУ, Монголын хамтрал
Монгол Улс, АНУ цаашид чухал ашигт малтмал, цэвэр эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг гол салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсныг АНУ-ын Төрийн департамент мэдээллээ. Түүнчлэн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ил тод байдлыг хангах тухай Америк-Монголын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх замаар Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэхийг онцолжээ.
Дэд бүтцийн төслүүд
Хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд эхний ээлжид Хөшигийн хөндийн нисэх буудал, Замын-Үүд, мөн баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байгаагаа ЗТХ-ийн сайд мэдээлэв. Түүнчлэн 2023 онд 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах бөгөөд оны эхний хагаст Грек, Унгар, ИБУИНХУ-тай хэлэлцээр байгуулахаар байгаа аж.
Стартапын орчин бий юу?
Монгол Улсын стартапын эко системийн нийт үнэлгээ хамгийн багадаа 424 тэрбум төгрөг гэж "JICA" болон "MMCG"-ийн хийсэн судалгаанд дурдсан байна. Тус чиглэлд нийт санхүүжилтийн хэмжээ 96 тэрбум төгрөг байсан бөгөөд судалгаанд хамрагдсан стартапууд эдийн засагт 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 1318 ажлын байр бий болгосон гэж тооцоолжээ. Стартапуудад тулгарч буй гол сорилтууд гэвэл хүний нөөц, борлуулалт хийх, хэрэглэгчээ олох, хөрөнгө босгох, олон улсын зах зээлд гарах болоод баг бүрдүүлэх зэрэг болохыг тодорхойлсон байна.
Баяртай, Далио...
Дэлхийн хамгийн том хедж сан "Bridgewater Associates" үүсгэн байгуулагч тэрбумтан Рэй Далиог компанийн удирдлагаас үдэж, үйл ажиллагаандаа томоохон шинэчлэлт хийхээр боллоо. Шинэ Гүйцэтгэх захирал Нир Бар Деагийн удирдлага дор "Bridgewater" гол сангуудынхаа өсөн нэмэгдэх хэмжээг хязгаарлаж, хөрөнгө оруулалт болон чадварлаг боловсон хүчнээ хиймэл оюун ухаан руу чиглүүлж, Ази тивийн хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, тогтвортой хөгжлийн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байна.
Шилжилт хямд бус
Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь цаашид эдгээр шатах түлшийг хэрэглээнээс халах шилжилтэд нэн чухал ач холбогдолтой гэсэн сонирхолтой санааг "BP" компанийн Гүйцэтгэх захирал Бернард Луни дэвшүүлжээ. "Эрэлтийг бууруулахгүйгээр нийлүүлэлтийг бууруулах нь үнэ өсөх гарцаагүй нөхцөл байдалд хүргэнэ. Үнийн өсөлт нь эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж, тогтворгүй байдлын уршгаар энэхүү шилжилтийг чиглэсэн дэмжлэг үнэгүйдэх эрсдэлтэй. Ийм үр дүнд хүргэхгүйн тулд өнөөдрийн эрчим хүчний тогтолцоонд болон шилжилтэд хөрөнгө оруулах хэрэгтэй" хэмээн тэрбээр Лондонд болсон эрчим хүчний чуулга уулзалтын үеэр өгүүлсэн байна.
Төсөөллийг ахиулав
Олон улсын үнэлгээний "Moody's" агентлаг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэг нэгж хувиар ахиулж, энэ онд болон ирэх онд таван хувиар өснө гэж үзжээ. Ням гарагт эхлэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар тус улсын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг таван хувиас дээш байлгах зорилт тавина гэж шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засгаа сэргээх гол стратеги төлөвлөгөө нь шинэ зорилт дэвшүүлэхээс илүүтэй худалдан авалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаануудыг цар тахлын дараа хөл дээр нь босгоход төвлөрнө гэж үзжээ.
Агуу дэвшил ойртсоор
Тэнгэрийн оддыг гялалзах эрчим хүчээр хангадаг халуун цөмийн урвалыг дэлхий дээр авчирч, цэвэр бөгөөд бараг шавхагдашгүй эрчим хүчийг гарган авах цаг таны төсөөлснөөс ч ойрхон иржээ. Одоогоор халуун цөмийн урвалын станцын хоёр загварын хооронд гол өрсөлдөөн өрнөхөөр байна. Нэг нь цөмийн нэгдэх урвалыг лазерын тусламжтай өдөөх зарчимтай бол нөгөө нь асар хүчтэй соронз ашиглан нарнаас ч илүү температуртай бүхий плазм үүсгэх юм. Харин эрдэмтдийн хувьд сүүлд дурдсан аргыг нь илүү ирээдүйтэй гэж үзэж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Meta” компани хиймэл оюун ухаант чатботын өрсөлдөөнд нэгдлээ
ОХУ газрын тосны гарцаа бууруулах сайн дурын шийдвэр гаргажээ
“L&F” компани “Tesla”-д түүхий эд нийлүүлэх $2.9 тэрбумын гэрээ хийснээр хувьцааны ханш нь өслөө
Онцлох чарт
Монгол Улсын эдийн засаг 2011-2018 онд жилд дунджаар 6.9 хувиар өргөжсөн ч хамгийн бага орлоготой 40%-д хамаарах иргэдийн дундаж орлого ердөө 1 хувиар нэмэгдсэн байгаа нь хүртээмжтэй өсөлт сул байгаагийн илрэл болохыг Монголбанкны вебсайтад нийтэлсэн судалгаанд дурджээ.
Тэгвэл хүртээмжтэй өсөлтийг нэг хүнд ногдох ДНБ болон орлогын тархалтын өсөлтөөр тодорхойлж Азийн 22 орны хувьд тооцсоныг доорх графикт дүрсэлжээ. Эдийн засгийн өсөлт хурдассанаар хүн амын орлогын тэгш бус байдал нэмэгдэх үү эсвэл эсрэг тохиолдол биелэх үү гэдэг нь улс орнуудын хувьд "trade-off" сонголт байх шаардлагагүй байна. Тухайлбал, сонгож авсан Азийн 22 орноос Тайланд, Армен, Казакстан зэрэг 7 орон тэгш бус байдлыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтөд хүрсэн бөгөөд энэ нь хүртээмжтэй өсөлтийн илрэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.