“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон И.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ.
Тэрбээр эрх мэдлээ ашиглан “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард таван сая төгрөгийн хахууль авсан аж. Ингэхдээ нярав Я.Хүрэлчулууны хувийн дансыг ашигласан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Уг хээл хахуулийн хэргээс гадна И.Батнасан 2016-2019 онд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэн, ерөнхий нягтлан бодогч С.Эрдэнэбаатар нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг ч нэгтгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлсэн аж.
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн сар шинийн өмнөх болон дараагийн өдөр буюу энэ сарын 20, 24-нд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 20-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, өдгөө 62-ыг нь хянаж буй гэнэ. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, мөн тооныхыг хаах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Шүүхэд шилжүүлэхээр хүргүүлсэн хоёр хэргийн дотор “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан И.Батнасан нарт холбогдох үйлдэл багтсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эх үр төрсөн тэлсэнээ хүн чинээ үздэггүй энэ мэт хүмүүс төрд гараад хахууль авахыг ч харин юман чинээ үзэхгүй байхөө