УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааныг хаалттай хэлэлцэхийг эсэргүүцэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хөгжлийн банкны хэргийг парламентын сонсголын хүрээнд нотлох баримтыг цуглуулсан ч иргэд болон бидний хүлээлтээс зөрсөн үйл явдал өрнөх вий гэдэг айдас байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хөгжлийн банктай холбогдсон 80 яллагдагчийн хэргийг маргааш шүүнэ. Зарим яллагдагчаар татагдсан этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргасан байна. Шүүх энэ саналыг хүлээн авсан байна. Учир нь шүүх хурлын үеэр хувь хүний эмзэг мэдээлэл бүхий видео бичлэг үзүүлэх тул хаалттай явуулахаар шийдвэрлэжээ. Хаалттай хурал явуулахыг эсэргүүцэж байна. Хэсэгчилсэн, хаалттай байдлаар шүүх хуралдаан явуулах боломжтой гэж бид үзэж байна.
Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй холбоотой нээлттэй сонсгол парламентын түвшинд нээлттэй болсон байтал шүүх хаалттай хуралдаж, зарим хүнд ял завших боломж олгож болзошгүй байна. Хөндлөнгийн шинжээчид нээлттэй сонсголын өмнө нийт 3 сая гүйлгээг шалгасан. Энэ хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдсон гэдгийг дахин сануулъя.
Нийтээрээ Хөгжлийн банкны асуудлаар хоёр жил хөөцөлдсөн. Парламентын түвшинд ард түмэнтэйгээ адил мэдээлэлтэй болсон. Хөгжлийн банкны шүүх хурлыг хаалттай хийж болохгүй. Бид хууль шүүхийн байгууллагад нөлөөлөх гэж оролдоогүй. Гэхдээ маргааш болох шүүх хурлаар 80 яллагдагчийн хэргийг нэг дор, бөөнд нь шийдэхгүй байх гэж найдаж байна. Шүүх ажил хийсэн мэт харагдахыг хичээхгүй болов уу. Хариуцлагатай ажиллаарай гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.