СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-03-01

Атомын станцуудыг "асаах" цаг болсон...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. 33 хувьцаат компани нийт 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болов.
  2. Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татах болжээ.
  3. "Elixir Energy" компанийн "Номгон VIII", "Номгон IX" талбайн метан хийн олборлолт анх удаа 200 мянган фут куб хүрсэн байна.

Хишиг хүртээлт

Нэр бүхий 33 хувьцаат компани нийт 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэснийг СЗХ мэдээллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 101 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Төрийн өмчит "Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн их буюу нийт 144.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох бол "Төрийн банк" ХК 48 тэрбум төгрөг, "Голомт банк" 40.4 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Монголын Хөрөнгийн биржийн "Топ-20" индекс 2022 оныг 37 мянган нэгжийн түвшинд өндөрлүүлж байсан бол энэ он гарсаар 7.3 хувиар өсөөд байгаа юм

Зургаан гишүүн

Нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын зургаан гишүүнийг Эрүүгийн хуулийн дагуу хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татах болсныг Авлигатай тэмцэх газар мэдээлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нарыг хахууль өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хувьчлал аварна

Төрийн өмчит компаниудын хувьчлалын үр дүнгээр олон асуудлуудыг шийдэх боломжтой гэдэгт "AmCham Mongolia"-ийн ээлжит уулзалтын үеэр ирсэн төлөөлөгчид санал нэгдэв. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хувьчлалд Гүрж улсын жишээг авч, тус улс хувьчлалын ачаар хүнд суртлыг арилган, авлигын эсрэг шинэтгэл хийснийг онцолж байв. 2023 онд нийт 26 компанийн Төрийн өмчийн эзэмшлийн 34 хувийг Хөрөнгийн биржид олон нийтэд арилжиж нээлттэй хувьцаат компани болгохоор УИХ үндсэн чиглэлээ батлаад байгаа юм.

Байр суурь

"Ямар шатандаа явж байгаагаас үл хамааран төслүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголд хайгуулын эсвэл олборлолтын шатанд байгаа компаниудын тоо харьцангуй бага байна. Технологийн эсвэл санхүүгийн ТЭЗҮ-ийн шатандаа явж буй компаниудын тоо ч цөөн байна. Компаниуд шинэ ашигт малтмал тогтоож, дараагийн шатанд шилжих боломж хаагдсан гэж харж байна. Энэ талд хоцролттой байгаа тул хөгжүүлэлт хийх шаардлагатай. Хөрөнгө оруулагчид оролцох боломжтой төслийг төрөлжүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон түлхэц болно гэж бодож байна" хэмээн Монгол дахь Австралийн Худалдааны Танхимын ТУЗ-ийн дарга Жулиен Лауренс "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Гарц нэмэгдсээр...

"Elixir Energy" компанийн нүүрсний давхаргаас метан хий олборлох "Номгон VIII", "Номгон IX" талбайн нийт олборлолт анх удаа 200 мянган фут куб хүрсэн байна. 100 гаруй хоногийн турш үйл ажиллагаа явуулж буй "Номгон IX" талбайн хувьд гарц нь 150 мянган фут куб даваад байгаа аж. Мөн жил бүрийн өрөмдлөгийн хөтөлбөрөө төлөвлөлтийн дагуу ирэх сараас эхэлнэ гэдгийг тус компани онцолж байна.

Гол зөвшөөрлөө авав

"Xanadu Mines" компани "Zijin Mining Group"-тэй байгуулсан стратегийн түншлэлийн эцсийн зөвшөөрлөө БНХАУ-ын зохицуулах байгууллагаас авлаа. Ингэснээр талууд стратегийн түншлэлийн хүрээнд хийгдэх хоёрдугаар болон гуравдугаар шатны санхүүжилтээ эхлэх боломж бүрдэж байна. Хоёр компанийн хэлцлийн сүүлийн шатанд "Xanadu Mines"-ийн 50 хувийг "Zijin Mining Group" 35 сая ам.доллароор худалдан авахаар тохиролцоод байгаа юм.

Тээврийг шуурхайлна

Хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч байгаагаа УБТЗ мэдээллээ. ОХУ-аас импортолсон нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсдог байсан бол одоо үүнийг 4-5 цагийн дотор гүйцэтгэдэг болсон аж. Түүнчлэн энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 35,360 тонн, БНХАУ-аас 9490 тонн нефтийн бүтээгдэхүүн илүү тээвэрлэжээ.

Бидний мэдэх "Nokia" биш

Финландын "Nokia" компани гар утас үйлдвэрлэхээ болиод 10 гаруй жил өнгөрч буй ч хүмүүс одоо ч "Nokia"-ийг гар утсаар нь төсөөлдөг. Тэгвэл өдгөө 5G сүлжээний борлуулалт, тоног төхөөрөмж үйлдвэрлэл дээр үйл ажиллагаагаа төвлөрүүлж буй тус компани дээрх ойлголтыг бүрмөсөн халахын тулд логогоо өөрчилсөн байна. Барселон хотноо зохиогдсон "Mobile World Congress" арга хэмжээний үеэр "Nokia" компани шинэ логогоо танилцуулахын хамтаар 5G технологийн эрэлт хурдацтай нэмэгдэж буй энэ цаг үед борлуулалтаа нэмэгдүүлэх цогц стратеги төлөвлөгөө, үүнтэй уялдсан шинэ брэнд бүтээх зорилтоо хуваалцжээ.

Хувийн крипто ба эрсдэл

Олон Улсын Валютын Сан, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, олон улсын төлбөр тооцооны банкнууд хамтран хувийн криптовалютуудыг зохицуулах бодлогын хүрээг боловсруулах хүсэлтэй байгааг ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдээллээ. "Их-20"-ийн бүлгийн уулзалтын үеэр Кристалина Георгиева хувийн крипто хөрөнгийг албан ёсны төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдсэн байна. Мөн санхүүгийн тогтвортой байдалд заналхийлэхээс сэргийлэх үүднээс зохицуулалтыг нэвтрүүлэх явц удаашрах эсвэл үр дүнгүй байвал дижитал хөрөнгийг хориглох сонголт нээлттэй байх хэрэгтэйг онцолжээ.

Хоёр хөршийн хооронд

БНХАУ-ын ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ хоёр улсын хилийн гол боомт Забайкальск-Манжуурт оны эхний 40 хоногийн хугацаанд гурав дахин өссөнийг Харбин хотод суух ОХУ-ын Ерөнхий консул мэдээлжээ. Тайлант хугацаанд ОХУ-ын нүүрсний нийлүүлэлт 214 хувиар өсөж, 438 мянган тонн хүрсний зэрэгцээ нүүрс тээврийн 6200 автомашин боомтоор гарсныг тэрбээр онцолж байна. Забайкальск-Манжуурын боомт нь ОХУ, БНХАУ-ын хуурай газрын хил дээрх логистикийн гол төв, тээврийн үндсэн коридорт тооцогддог юм.

500,000

Энэ бол Хонгконгоос дэлхий дахины жуулчдад үнэгүй өгөх нислэгийн тийзийн тоо. Дөнгөж энэ долоо хоногт амны хаалт заавал зүүх журмаа цуцлаад буй тус хот зогсонги байдалд орсон эдийн засаг, тэр дундаа аялал, жуулчлалын салбараа сэргээхийн тулд "Cathay Pacific", "HK Express" зэрэг нислэгийн томоохон компаниудаараа дамжуулан энэхүү өгөөмөр арга хэмжээг авахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн эхний ээлжид Тайланд, Сингапур зэрэг ойролцоо орших улсын  иргэдэд үнэгүй тийз тараах бол дөрөвдүгээр сард БНХАУ, зуны саруудад Зүүн болон Зүүн Хойд Азийн бусад орнууд, яваандаа дэлхийн бусад орны жуулчдыг хамруулах юм байна. Яаж тийз авах вэ гэж үү? "Cathay Pacific"-ийн веб сайтад бүртгүүлээд гурван тааварт зөв хариулах ёстой аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

“Airbus” ирэх 20 жилд Номхон далайн бүсийн орнуудад 920 агаарын хөлөг нийлүүлнэ

Туркт болсон газар хөдлөлтийн хохирол $34 тэрбумтай тэнцэж байна

Японы үйлдвэрлэлийн гарц сүүлийн 3 сард анх удаа буурав

Онцлох чарт

Фүкүшимагийн гамшиг нүүрлэснээс 12 жилийн дараа Япон улс атомын цахилгаан станцуудаа дахин "асаахад" дэлхий дахины эрчим хүчний хямрал түлхэц болж байна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида цөмийн эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилт тавьж, 2011 оны ослоос хойш сул зогсолт хийсэн станцуудын ажиллагааг сэргээхээр төлөвлөөд байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.