Иргэн Ш нь “кибер орчинд /цахим мэдээллийн сүлжээнд/ хууль бусаар халдах” гэмт хэрэгт холбогдож, прокуророос Ш-д яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.
Хэрэгт авагдсан баримтуудаар, иргэн Ш нь “O.T” гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг фэйсбүүкийн цахим сүлжээнд байршуулж, зарын дагуу чатаар холбогдсон 9 хохирогчтой харилцаж, гар утасных нь дугаарыг мэдсэнээр, гар утсанд илгээсэн кодыг ашиглаж хохирогч нарын фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилсөн, жинхэнэ эзэмшигчийг нэвтрэх боломжгүй болгосны дараа тэдний фэйсбүүк хаягаас мөнгө авах зорилгоор бусад руу хандсан боловч мөнгө авч чадаагүй нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхээс, шүүгдэгч Ш-г Эрүүгийн хуульд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж, түүнийг “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн боловч бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.