Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гасан гал түймэр, аврах ажиллагаа болон шар усны үер, халиа тошин зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд:Гал түймэр унтраах аврах ангиуд гал түймрийн 58, аврах ажиллагааны тав нийт 63 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймэр, утаажилтын бүсээс 135 иргэнийг гаргаж аюулт үзэгдэл, ослоос 21 иргэнийг аварч 3.4 тэрбум төгрөгийн өмчийг авран хамгаалж ажилласан байна.
Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж ажилласан бөгөөд энэ хугацаанд гал түймрийн 15, аврах ажиллагааны гурав нийт 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж 41 иргэний амь насыг аварсан байна. Энэхүү 41 иргэний ихэнх нь төөрсөн, машин нь суусан, утаажилтын бүсэд байсан хүмүүс байжээ.
Мөн сар шинийн баяртай холбогдуулан 19-20-нд Монгол бөхийн өргөөнд болсон үндэсний бөхийн барилдааны үеэр гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах аюулгүйн байдлын чиглэлийг хангуулж улсын хяналтын байцаагч нар ажиллажээ.
ОБЕГ-д ирсэн дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 333, аврах ажиллагааны 41, малын гоц халдварт өвчин нэг нийт 375 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар буурчээ.
Халиа, тошин үүссэн дуудлага ихэсжээ. Өнгөрсөн 14 хоногт Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 16 байршилд халиа, тошин үүсэж айл өрх, албан байгууллагуудын хашаа гудамж цас, мөсөнд автсан дуудлага их ирсэн. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран 5,332 метр шуудуу татаж, 21 машин шороо асгаж ажиллажээ.
Дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл өндөр болж байгаа тул төвийн зургаан дүүрэгт мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна гэв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.