“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажилласан Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн буруутгаж, хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэдэнд үүсгэсэн зөрчлийн хэргийг тус шүүх лхагва гараг буюу гуравдугаар сарын 1-нд хэлэлцэхээр товлоод байна.
Тэднийг дээрх шүүгдэгчийн хэргийг өмгөөлж байхдаа ёс зүйгээ зөрчсөн, хэргийг хянасан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн эсрэг олон нийтийн сүлжээгээр элдэв мэдээлэл бэлтгэж цацсан хэмээн буруутгаж буй аж. Тэд “Тагнуулын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байхад гадаадынхны нөлөөгөөр шүүгч нар илт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан” гэсэн утгатай мэдээлэл бэлтгэж түгээсэн юм.
Шүүгчдийн эсрэг санаатай гүтгэлэг тараасан үндэслэлээр Г.Баасан, А.Батдорж нарыг шалгуулахаар ШЕЗ-өөс цагдаагийн байгууллагад хандсаны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15.4-т заасны дагуу “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн” гэх үндэслэлээр хариуцлага тооцуулахаар болсон аж.
Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутай нь гурван шатны шүүхээр тогтоогдож, 10 жилийн хорих ял шийтгүүлсэн Ч.Мөнхбаяр ШШГЕГ-ын харьяа хорих ангид ялаа эдэлж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.