СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-20

Зах, худалдааны төвийн ачаалал баяр ёслолын өдрүүдэд 20-50 хувиар нэмэгддэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Томоохон худалдааны төв (зах) дагасан хэт их төвлөрөл нь түгжрэл үүсэх нэг томоохон шалтгаан болж байгаа талаар холбогдох албаныхан судалж олон нийтэд танилцуулжээ. Судалгаагаар зах худалдааны төвүүд нь зогсоолын асуудлаа бүрэн шийдээгүй, хязгаарлагдмал зогсоол нь ажилтнууд болон худалдаа эрхлэгчдийн хувийн унаагаар дүүрдэгт асуудлын гол нь байдаг байна. Энэ нь баяр ёслолын өдрүүдээр зогсоол хайсан үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэж, тэр хэмжээгээр түгжрэл үүсгэдэг нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, баяр ёслолоор ачаалал, түгжрэл нэмэгддэг нь дэлхийн аль ч улсад тохиолддог үзэгдэл аж. 

Тухайлбал, Нарантуул ОУХТ-өөр жирийн өдөрт 80-100 мянган иргэн үйлчлүүлдэг бол баяр ёслолоор 150 мянга болж нэмэгддэг байна. Тус худалдааны төв 2000 автомашины зогсоолтой бол өдөрт 18-20 мянган тээврийн хэрэгсэл орж гардаг байна. Гэтэл 9500 орчим худалдаа үйлчилгээ эрхлэгч тус захад ажиллаж, хувиараа бизнес эрхэлдэг аж. Зогсоол сэлгэлтийн хугацаа нь 60-100 минут. Өөрөөр хэлбэл, нэг үйлчлүүлэгч дунджаар 60-100 минут орчим үйлчлүүлээд гардаг аж.   

Тус захын анх байгуулахдаа орц, гарцыг нарийн бодож төлөвлөөгүй нь түгжрэлийн нэг шалтгаан болж байна. Судалгаагаар, тус төвийн орц, гарц нь Нарны замтай нэг түвшинд огтлолцож замын хөдөлгөөний ачаалал үүсгэх нэг нөхцөл болдог нь тогтоогджээ. 

100 айл худалдааны төвд 770 орчим худалдаа үйлчилгээ эрхлэгч ажилладаг ба тус төв нь 420 орчим авто зогсоолын багтаамжтай. Төвлөрсөн томоохон авто зогсоол байхгүй. Цагдаагийн гудамж л 30 орчим орц, гарцтай. 

Харин, 100 айл ажилладаггүй өдөр тус төвийн зүүн урд уулзвараар хоногт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дунджаар 25 орчим хувиар буурдаг байна. Мөн, өвлийн улиралд буурч, дулааны улиралд огцом нэмэгддэг байна. 

Хархорин худалдааны төвд 1800 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгч ажилладаг ба жирийн өдөрт 30-40 мянган үйлчлүүлэгч үйлчлүүлдэг бол баяр ёслолоор 50 мянга болж нэмэгддэг байна. Өдөрт 8-10 мянган тээврийн хэрэгсэл орж гардаг тус төв ердөө 920 автомашины зогсоолтой аж. 

Бөмбөгөр худалдааны төвд 1640 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгч ажилладаг ба жирийн өдөрт 17-20 мянган үйлчлүүлэгч үйлчлүүлдэг бол баяр ёслолоор 30 мянга болж нэмэгддэг байна. Өдөрт 6-8 мянган тээврийн хэрэгсэл орж гардаг тус төв ердөө 430 автомашины зогсоолтой аж. 

Авто зогсоолын хүртээмжгүй байдлаас үүдэн зогсоол руу орох тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн 1-р эгнээг хааснаар Их тойруугийн урдаас хойшоо шулуун хөдөлгөөн зөвхөн 1 эгнээгээр зорчдог.

Авто зогсоолын доторх зай талбай хэт давчуу зохион байгуулалттай тул түгээлт хийдэг ачааны автомашинууд болон суудлын автомашин чөлөөтэй эргэж багтахгүйн улмаас зогсоол дотор түгжрэл үүсгэн зогсоолын сэлгэлтийн хугацааг удаашруулдаг.

Жуулчны гудамж, Төмөрчний гудамжинд “8 шарга” валют арилжааны төвлөрсөн төв болон эм ханган нийлүүлэх төвүүд байрладаг нь түгжрэл үүсгэх томоохон шалтгаан болдог нь батлагджээ.

Бөмбөгөр худалдааны төвд 630 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгч ажилладаг ба жирийн өдөрт 13-15 мянган үйлчлүүлэгч үйлчлүүлдэг бол баяр ёслолоор 17 мянга болж нэмэгддэг байна. Өдөрт 3-4 мянган тээврийн хэрэгсэл орж гардаг тус төв ердөө 170 автомашины зогсоолтой аж. Тодорхой хэлбэл, авто зогсоол нь худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тооноос 3.7 дахин бага байгаа нь үйлчлүүлэгчид авто зогсоол ашиглах боломжгүй болгожээ. Иймд үйлчлүүлэгчид зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулан үйлчлүүлдэг нь Нарны замын шулуун хөдөлгөөнд саад учруулдаг байна. Мөн, үйлчлүүлэгчид хойд туслах зам дагуу тээврийн хэрэгслээ байршуулдаг нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг. 

Харин, Барс зах ажилладаггүй өдөр тус төвийн зүүн хойд уулзвараар хоногт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо дунджаар 15 орчим хувиар буурдаг байна. 

Иймд, бараа түгээлтийн үйлчилгээний цагийг замын хөдөлгөөний ачаалалгүй үед хийлгэх, зах худалдааны төвүүдийг өдөр шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх, шөнийн захын түрээсийг хөнгөлөх, авто зогсоолуудын дотоод зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн худалдааны цахим сайттай болох, захиалгын бараа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийх нь зүйтэй хэмээн Замын хөдөлгөөний удирдах төвөөс судлан зөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.