СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-02-16

Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулахад нөлөөлнө

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон, хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцав.

Эрүүл мэндийн салбарт сумын нэгдсэн эмнэлэг статустай зургаан газар байдаг. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг нэгдсэн эмнэлэг хүлээдэг. 

Сумын нэгдсэн эмнэлгийн хувьд анхан шат болон нэгдсэн эмнэлгийн аль ч шатлалд хамаардаггүйгээс зарим нэг үйл ажиллагаанаас орхигддог нь хүндрэл учруулдаг байна. Хархорин, Замын-Үүдэд байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийг нэгдсэн эмнэлэгтэй сум бүрт байгуулбал эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад хэрэгтэй байна. Түүнчлэн хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд оношлогооны болон хагалгааны дуран, бактериологийн лаборатори, компьютерт томографын аппараттай болох зэрэг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгааг сайдад танилцуулав.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шим чамлахааргүй ч улам боловсронгуй болгож, зарим нэг тохируулгыг хийх хэрэгтэй гэсэн С.Чинзориг сайдын саналыг хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд дэмжиж байгаа гээд хамгийн наад зах нь сумын нэгдсэн эмнэлэг гарааны тэгш бус нөхцөлтэй буюу улсын төрөлжсөн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэг шатлалд санхүүжиж буй нь зарим талаар хүндрэл учруулж байна гэлээ. Тухайлбал, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэрээлээгүй, чадамжгүй, хүний нөөцгүй гэх шалтгаанаар санхүүжилт хасагддаг ч яаралтай тулгамдсан үед гэмтлийн болон тархины мэс заслуудыг орон нутагт хийдэг байна.
Түүнээс гадна

Сэлэнгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төмөр замын хуучин эмнэлгийн барилгуудыг шилжүүлсэн нь байр савны багтаамжийн хувьд сайжирсан ч 1950-аад оны зарим барилгыг засч тордоод ч засал авдаггүй зэрэг олон хүндрэл учирдаг гэдгээ илэрхийлэв. Замын-Үүд 20 гаруй мянган хүн амтай. Өдөрт хилээр орж гарч буй зорчигч 10-аад мянга гэхээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал маш их. Ялангуяа осол их гардаг учраас гэмтлийн мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй болдог. Хилийн боомт учраас гаднаас элдэв халдварт өвчнийг оруулахгүй, орж ирсэн тохиолдолд гүн рүүгээ алдахгүйн тулд тандалт судалгааг өргөн хүрээнд хийх Халдвартын эмнэлэг бүтцээрээ ажиллах шаардлага байгааг дуулгав.
тухай ярьж байв.

Тулгамдаж буй асуудлынх нь талаар эмнэлэг тус бүр дээр сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой баримталж буй зарчим, зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл өгч, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний давхардлыг арилгахад тустай тул бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллана гэв.

С.Чинзориг сайд нэгдсэн эмнэлэгтэй сумдад багийн эмч нартай холбоотой гардаг асуудлуудыг авч үзэх, парк шинэчлэл хийх, боломжит тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг зохистой бодлого явуулах зэрэгт ЭМЯ анхаарч байгаа гэдгийг хэлээд үйл ажиллагааг нь дэмжиж эмнэлэг бүрт хоёр ширхэг суурин компьютер өгнө гэдгээ хэлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.