Хоёрдугаар эмнэлэг хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийг шинээр ашиглалтад оруулснаар ХСҮТ-ийн ачааллаас хуваалцаж эхлээд хоёр сарын нүүр үзэж байгаа аж. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний голлох ачааллыг хуваалцдаг том эмнэлэг. Тус эмнэлэг хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болжээ. Энэ хүрээнд өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг тус тус ашиглалтад оруулжээ.
УХТЭ нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Хоёрдугаар эмнэлэг өнөөдрийн байдлаар элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байгаа аж.
Арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ хоёр нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд манай эмнэлэг манлайлж оролцож байна.
Иргэдэд зонхилон тохиолдож буй 5 хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол Хавдар Судлалын Үндэсний төв бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна” гэв.
УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан "Манай эмнэлэг 2021 оноос эхлэн хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтэн хими эмчилгээ болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэсэн юм.
Өвдөлт намдаах тасаг байгуулагдсанаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд 1000 гаруй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.