Улсын дээд шүүхээс энэ сарын есний өдөр Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Тэгвэл С.Эрдэнэ, Д.Ганбат нар өнөөдөр /2023.02.16/ уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж хэвлэлийн хурал зарлав.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:
-Дээд шүүх Улс төрийн намын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу асуудалд хандсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Эв нэгдэл гэсэн гоё үгээр халхавч хийж, эрх баригчидтай тохиролцож ардчиллын нэр хүндийг унагасан үйл ажиллагааг буруутгаж байна. Ардчилсан намаа худалдах замаар эрх баригчдын охин нам болох замаар, өөрсдийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг шийдэх гэж оролдож байгаа этгээдүүдтэй бид хэзээ ч нэг туг дор явж чадахгүй. Бид эвлэрлийн төлөө биш, шударга ёсны төлөө явж байгаа.
Бид Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд итгэхгүй байна. Олон гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ шүүх яаж шударга шийдвэр гаргах юм бэ. Ардчилсан намын даргыг хүчирхийллээр, дур мэдэн томилж байгаа нь ардчилал Монголд баталгаагүй болж буйг харуулж байна.
Маргаантай байгаа асуудлыг шалгуулна. 200 мянган гишүүнтэй АН-ыг хэдэн нөхөд дээрэмдээд авчихдаггүй юм. Өөрсдийгөө Дээд шүүх гэж нэрлэсэн нөхөд луйварчдад эрх мэдлийг аваачаад өгчихдөггүй юм. Хууль ёсны тамга тэмдэг хүчин төгөлдөр явж байна. Хүчирхийллийн аргаар АН-ын эрх мэдлийг булааж авах гэсэн явдлыг таслан зогсоох болно.
Л.Гантөмөрийг аль Ардчилсан нам даргад нэр дэвшүүлсэн юм. Ардчилсан нам ямар тоглоом юм уу. Улсад бүртгэлтэй, хууль ёсны тамга, тэмдэгтэй, парламентад суудалтай улс төрийн нам. Яахаараа хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө АН-ын Үндэсний бодлогын хороо гэж нэрлэн хурал зарлаад, 200 мянган гишүүнтэй АН-ын даргыг 200-хан хүн цуглуулаад сонгож байдаг юм. Энэ асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хороо авч хэлэлцэнэ. Энэ шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль, хяналтын байгууллагад өгнө.
Ардчилсан намын ҮБХ-ны дарга Д.Ганбат:
-Өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаад ирлээ. Иргэдийн маань санаа бодол өөрчлөгдсөн байна. Малчид, иргэдийн худалдан авалт буурч, цалин хөлс нэмэгдэхгүй байгаад ихээхэн сэтгэл дундуур байна. ҮХНӨ-ийг ард түмнээсээ асуулгүй хийлээ. УИХ Засгийн газраа хянах ямар ч боломжгүй болжээ. ҮХЦ нь хууль тогтоох эрх мэдэлд хандсанд иргэд ихээхэн бухимдаж байна. УИХ нь УИХ биш болсон байна. Сөрөг хүчин нь сөрөг хүчин биш болсон байна. Охин нам бий болгож, дарангуйллын хэлбэр лүү шилжихэд маш ойрхон болсон байна.
Ардчилсан нам барууны үзэл баримтлалтай нам. Нөгөө талд зүүний үзэл баримтлалтай МАН байдаг. Энэ нам халамж өгдөг, тараадаг. Энэ маягаар удаан явахаар улс орон яаж сүйрч байгааг та нар харж байна. Хүмүүсийг амьдрах аргагүй болгож байна. Залуучууд улс орноосоо зугтааж байна. Энэ бүхнийг зогсоох ганц хүч нь Ардчилсан нам. Гэвч АН-ыг байхгүй болгохын тулд гадны, дотны хүмүүс тал талаас оролцож байна. Ардчилсан нам хэнийг ч дагуул нам болохгүй.
Намайг олонхийн саналаар АН-ын дарга болгож, сонгосон. Улсын дээд шүүх бол байгаа байдлыг баталгаажуулаад л тавих ёстой. Гэтэл тэнд авлигад идэгдсэн шүүгч нар байгаа учир шударга бус ажиллаж байна. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Эрх баригчид шүүхэд нөлөөлсөн. Шүүх хуульд захирагдахгүй байна. Гэхдээ тэнд бас шударга хүмүүс байна. Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэх асуудал 25 шүүгчээс ганцхан саналын илүүгээр шийдвэрлэгдсэн гэсэн мэдээлэл байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.