СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-02-16

Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд түүчээлэн манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэн, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн Нэгдүгээр сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар гардуулав.

Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 1923 оны 02 дугаар сарын 16 буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Монгол Улсын анхны “Дунд сургуулийн танхим” нэртэй байгуулагдсан түүхтэй. 1933 онд “Үлгэр жишээ дунд сургууль”, 1938 онд “Ерөнхий боловсролын дунд сургууль”, 1940 онд “Маршал Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургууль”, 1965 онд “Лаборатори нэгдүгээр сургууль”, хожим “Нийслэлийн нэгдүгээр сургууль” хэмээн нэрлэгдэж, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч ард түмнийхээ дунд алдар нь түгсэн оюуны өргөө болжээ.

Тус сургуулиар овоглосон 9,000 орчим төгсөгч  шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, соёл урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарт  манлайлж, эх орондоо төдийгүй тив, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсаар байна.

Тухайлбал, тус сургуулиас Монгол Улсын баатар хоёр, Хөдөлмөрийн баатар зургаа, Чингис хаан одонтон хоёр, Ардын болон гавьяат цолтон 100 гаруй, Төрийн шагналтан 14, академич 20, доктор 250 орчим, дэлхийн хэмжээний нэрт тамирчин 10, нийгэм, улс төрийн зүтгэлтэн 70 гаруй төрсний дотор УИХ-ын дарга нэг, Ерөнхий сайд хоёр байдаг байна..

Тус сургууль нь байгуулагдсанаасаа эхлэн орос, англи, хятад, манж, япон, герман хэлтэй багш, эрдэмтэд хичээл заасан, 1926 онд төгссөн анхны 40 сурагчийн 35 нь Герман, Франц, Орос зэрэг оронд суралцахаар явсан, 1930-аад оноос гар бөмбөг, хөл бөмбөг, цана, тэшүүр, гимнастик, даам, шатар, гуулин хөгжим, мандолин, европ хөгжмийг анх заасан, 1942 онд БНМАУ-ын гавьяат багш цол анх олгоход хоёр багш, хоёр төгсөгч хүртсэн, 1956 онд анхны лаборатори сургууль болсон, 1960-аад оноос сургалтын дадлагыг үйлдвэрлэл дээр анх удаа хийсэн, 1965 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээсэн зэрэг анхны хэмээх тодотголтой олон ажил үйл, алдар цолын эзэн болсон түүхтэй.

Түүнчлэн олон улсын математикийн олимпиадаас гурван алт, 11 мөнгө, 22 хүрэл, физикийн олимпиадаас гурван мөнгө, найман хүрэл, химийн олимпиадаас дөрөв, биологийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.