Гурван өгүүлбэрээр:
Зэрэглэл хэвээр үлдэв
"Moody's" байгууллага Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В3" түвшинд, төлөвийг "Тогтвортой" гэж үнэллээ. Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхэд эдийн засгийн хангалтгүй төрөлжилт, улс төрийн тогтворгүй байдал, сул засаглал зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулж, уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа эрчимжсэнээр Монгол Улсын гадаад валютын орлого өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жилүүдэд өсөхөд дэмжлэг болно гэж үзжээ. "Moody's"-ийн төсөөллөөр Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өсөх бол гадаад валютын албан нөөц 2023 оны эцэст 3.1 тэрбум ам.долларт тогтворжих төлөвтэй аж.
Ээлжит арилжаа
"Энержи Ресурс" ХХК цахим арилжаагаар таван багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа. Арилжааны дуудах доод үнийг тонн нь 1200 юанnар зарласан бол арилжааны явцад үнэ 11.66 хувиар өсөж, 1340 юань хүрснээр гэрээний нийт үнэ 42.9 сая юань болсон байна. Хоёрдугаар сарын 17-нд болох дараагийн арилжаагаар "Эрдэнэс Тавантолгой" ХК экспортод гаргах 96 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжина.
Байр суурь
"Агаарын бохирдлыг үүсгэж буй гол шалтгаан нь эдийн засгийн асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол ядуурлын, амьжиргааны түвшний асуудал. Нэг хүнд ногдох ДНБ нь 5000 ам.доллароос дээш байдаг улс орнуудын иргэд илүү холыг харж, хүрээлэн буй орчноо хайхарч эхэлдэг гэсэн судалгаа бий. Эдийн засаг нь хөгжсөн, ард иргэдийн амьжиргаа тогтвортой болсон цагт бид агаарын бохирдол, байгаль орчны асуудлаа ярих нь зүйтэй" хэмээн "People in Need" ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Ерөнхий сайдын айлчлал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлд бараалхаж, хоёр улсын эдийн засгийн агуулгыг баяжуулах, стратегийн түншлэлийн харилцааг бататгах зэрэг сэдвээр санал солилцлоо. Талууд хоёр улсын иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд хоёр талын холбогдох байгууллага хооронд хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэжээ.
"K-pop" фестиваль
2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин татах хөтөлбөр эхлүүлэн ажиллаж байгаагаа БОАЖЯ мэдээллээ. Өвлийн амралтын үеэр Монголд 6000 орчим жуулчин ирсний 4000 нь ОХУ-ын жуулчид байсан бол 2022 онд ирсэн нийт жуулчдын 52.2 хувь нь буюу 140 мянга нь ОХУ-аас иржээ. Үүнээс гадна зургаадугаар сарын эцэс, долоодугаар сарын эхээр Монголд анх удаа Азийн "K-pop" фестиваль зохион байгуулахаар болсныг тус яам мэдээлэв. Гол онцлог нь гэвэл хөдөө, тэр тусмаа БНХАУ-Монголын хилийн бүс орчимд фестиваль зохион байгуулагдах аж.
Даатгалын эрэлт өссөн ч...
"Бодь даатгал" ХК 2022 онд 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Тайлант хугацаанд тус компанийн даатгалын хураамжийн цэвэр орлого 23.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 23 хувиар нэмэгдсэн ч 13 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт зарцуулсан нь өмнөх оноос ойролцоогоор 47 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Инфляц эрчимжихтэй зэрэгцэн эм, тарианы үнэ болон авто тээврийн сэлбэг, хэрэгслийн үнэ өссөнөөр тус компанийн олгосон нийт нөхөн төлбөрийн дүн өсөхөд нөлөөлсөн байна.
Азийн шинэ бар
Вьетнам л гэхээр дайнд нэрвэгдсэн, буурай улс санаанд ордог байсан цаг нэгэнт ард хоцорчээ. Цахиурын хөндийн бүтээгдэхүүн болсон авьяаслаг энтрепренерүүд, IT мэргэжилтнүүд тус улсын бизнесийн төв Хо Ши Мин хот руу олноороо нүүж, нойргүйдлийг анагаахаас эхлээд хэрэглээний зээл олгох хүртэл бүхий л чиглэлийн стартапыг байгуулж байна. Вьетнамд стартапуудын тоо цар тахлын эхэн үеэс 2022 оны дунд үе хүртэлх хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг "KPMG" болон "HSBC"-ийн тайланд дурджээ. Ирээдүйтэй шийдэл санал болгож буй стартапуудыг "Sequoia Capital", "Warburg Pincus", "Alibaba" тэргүүтэй дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид сонирхох болов. "Google"-ийн судалгаанаас үзвэл 2021 онд Вьетнамын хувийн хэвшил нийт 2.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 233 хэлцэл хийсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон аж.
Гэмшвэл илүүг төл
"Lufthansa" компани байгальд үзүүлэх хорт нөлөө багатай нислэгийг зорчигчдод илүү өндөр үнээр санал болгож эхэлжээ. Европын агаарын тээврийн хамгийн том компани болох "Lufthansa" лхагва гарагаас эхлэн "ногоон тийз" худалдаалж эхлэх бөгөөд тийзийн үнэд байгальд хоргүй түлшний үнэ, нүүрстөрөгч ялгаруулсны нөхөн төлбөрийг шингээсэн байна. Зорчигчид тэрхүү шинэ тасалбарыг худалдан авснаар нислэгээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, мөн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нийт төслүүдийн 80 хувьд нь хувь нэмрээ оруулах боломжтой болохыг онцолсон байна.
Дорно зүгт
ОХУ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудад экспортлох нүүрсний хэмжээ 2030 он гэхэд 1.5-2 дахин нэмэгдэх төлөвтэй гэж үзэж байгаагаа тус улсын Ерөнхий сайдын зөвлөх Александр Новак онцолжээ. Энэ хүрээнд Төр болон нүүрсний компаниуд цаашид ОХУ-ын нүүрсний гол экспортыг Ази, Номхон далайн бүс рүү шилжүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах болохыг мөн мэдээлсэн байна. Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ төмөр замын сүлжээнийхээ Зүүн Полигоны шинэчлэлийн хоёрдугаар үе шатны ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр Байгаль-Амурын болон Транс Сибирийн төмөр замын экспортын хүчин чадал жилд 180 сая тонноор нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
Шантрал дээд цэгтээ
Дэлхий даяар хөдөлмөр эрхлэгсэд өмнө нь байгаагүй ихээр ядарч байна. Оффисын ажил эрхэлдэг нийт иргэдийн 40 хувь нь ажлаас халшрах хам шинж буюу "burnout"-д нэрвэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр түвшин болохыг "Future Forum"-ийн лхагва гарагт гаргасан тайланд дурджээ. Ялангуяа халшрах, шантрах явдал АНУ-аас бусад орнуудад илүү хурц түвшинд хүрээд байгаа аж. Эдийн засгийн тодорхойгүй байдал, цомхотголоос айх айдас, оффистоо эргэн ажиллах дарамт зэрэг нь ажлын байр дахь таагүй мэдрэмжийг нэмэгдүүлснийг "Future Forum"-ийн шинжээчид онцолж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Silver Elephant”-ийн алдагдал 2022 онд өмнөх оноос 1.9 хувиар өсөв
Дэлхийн газрын тосны зах зээлд эрэлт өсөж, нийлүүлэлт хумигдана гэж OPEC тооцоолж байна
БНХАУ-д моргейжийн зээлээ урьдчилж төлөх хандлага нэмэгдэж байна
Онцлох чарт
Ажлаа сольсон хөдөлмөр эрхлэгсдийн бараг тэн хагас нь инфляцын өсөлтөөс давсан түвшинд цалингаа нэмэгдүүлж чадсаныг АНУ-ын Атланта хотын Холбооны Нөөцийн банк тайландаа дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.