Эрүүл мэндийн сайд С.Чиинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хийж буй ажлынх нь талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлынх нь гарц шийдлийн талаар ярилцлаа.
Тус төв улсын халдварт өвчний тусламж үйлчилгээгг үндэсний хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг бөгөөд 742 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас их эмч 205, сувилагч 212, бусад ажилтан 325 байна.
Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах хам шинжийн тандалтаас гадна томуугийн харуулдан тандалт, амьсгалын замын халдварт өвчний тандалт, Ковид-19, вируст гепатит, гэдэсний халдварт өвчний, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын, зооноз өвчний, бэлгийн замаар дамжих халдварын, сүрьеэгийн, дархлаажуулалт бүхий халдварт өвчний зэрэг тандалтыг хийдэг.
Гэтэл тохиолдолд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд тандалт, нийгийн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт тусгагдаагүй, төрөөс санхүүждэггүй, -“Глобаль” сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр тандалт, томоохон судалгаа, илрүүлгийн үйл ажиллагаа явагддаг аж.
Цаашид илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийг төлөвлөх, ач холбогдлыг ойлгуулах, төлбөртэй илрүүлэг (идэвхтэй тандалт), үзлэг шинжилгээ зохион байгуулах, тандалтын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог хуульчлах, халдварт өвчний тандалтын нэгдсэн цахим систем хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд сайдад танилцууллаа.
С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд ХӨСҮТ-тэй холбоотой тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага байгааг хэлсэн.
Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг адил нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндийн салбарын анхдагч суурь болох ёстой атал өнөөг хүртэл ийм хуульгүй явж ирсэн гажуудлыг засах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэнд ямар үйлчилгээг хэн үзүүлэх нь тодорхой байхаас гадна эрүүл байхын тулд иргэн ямар үүрэг хүлээхийг ч тусгах ёстой гэж байлаа.
Тэбээр “Санхүүжилттэй холбоотой асуудлыг ч тодорхой болгох шаардлага байгаа. Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тандалт судалгааны ажлуудын санхүүжилтийг төр хариуцах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Нийтийг хамарсан халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцахгүй бол бүгдийг ЭМДС руу оруулж гүйцэтгэлийн санхүүжилтээр шийдэх боломжгүй.
Иргэн хүн ирээдүйд эрүүл мэнддээ үүсч болох эрсдэлд зориулж төлсөн шимтгэлээс бүрддэг сангаас нийтийг хамарсан халдварт өвчний тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж болохгүй гэдэг талаас нь хуулийн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо ХӨСҮТ-ийн хувьд тийм ч тохиромжтой гэж үзэхгүй байгаа.
Өнгөрсөн хоёр жилд ЭМДС-гаас ковидын тусламж, үйлчилгээний зардал болон хилийн боомтын тандалтын үр дүнгээр тус төв үйл ажиллагаагаа явуулж, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмж, цөөн боловч хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлж, зарим нэг шаардлагатай засвар үйлчилгээний санхүүжилтийг хийж ирсэн байна. Ковидын тохиолдол цөөрснөөр гүйцэтгэлээр тооцож авдаг тусламж, үйлчилгээний зардал багасахаар санхүүжилтийн хэмжээ буурна гэдгийг тооцох, зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцоолж тус төвийн онцлогт тохирсон байдлаар шийдэх шаардлага ч байгаа юм.
Түүнээс гадна ХӨСҮТ эрүүл мэндийн бусад байгууллагаас онцлог. Нийтийг хамарсан халдварт өвчний үед амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас үл эмээн зүтгэдэг эмч ажиллагсдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарах нь яамны бодлогын тэргүүлэх чиглэлд байх ёстой гэж үзэж байгаа Түүнээс гадна энэ салбарт ажиллагсдыг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх асуудлыг судалж байна” хэмээсэн юм.
ХӨСҮТ-ийн нэг чухал үүрэг нь тандалт судалгаа. Шинэ төрлийн өвчин, мутацилагдсан вирус тархах магадлалыг үгүйсгэх аргагүй тул тандалт судалгааг шинэ түвшинд гаргах, анхан шатны тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй явуулдаг байхыг Эрүүл мэндийн сайд тус төвийнхөнд онцлон анхаарууллаа.
Ковидоос болоод сүрьеэгийн илрүүлэг 30 хувиар буурсан дүнтэй байгаа. Гэтэл манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны тоонд ордог тул сүрьеэ өвчний илрүүлгийг эрчимжүүлэх, элэгний В, Д вирустэй хүмүүсийн эмтэй холбоотой асуудлыг яаралтай судалж шийдвэрлэх зэрэг хэд хэдэн тодорхой үүргийг өглөө.
Эх сурвалж: ЭМЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.