Харахад сүрдэм том хэдий ч хүйтэнд тэсвэртэй, эзэндээ ээлтэй амьтан бол нохой. Ялангуяа монгол банхар тэсвэр тэвчээрээс гадна ихээхэн ухаантай гэгддэг.
Монгол банхарын тухай хууч яриа цөөнгүй. Тухайлбал, 1957-1959 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон ажээ. Нэг айлд малд ч явдаггүй, үс ноосондоо баригдсан, хөгшин банхар байжээ. Нэг өдөр гэнэт гэрт нь нохой нь гүйж ороод орон дээр нь унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхижээ. Гэрийнхэн нь ч түүний араас сандран гүйв. Гэтэл хэдэн минутын дараа газар хөдөлж гэр нь сүйдсэн түүхтэй. Ийнхүү нохойныхоо ачаар тэд амьд үлдсэн юм. Банхар нохой ийм л ухаантай, зөн совинтой ажээ. “Зууны мэдээ” сонин Дархан-Уул аймгийн Мангирт хороололд байрлах “Дархан тайж” нохой үржүүлгийн газрыг зорилоо.
30 ГАРУЙ ГӨЛӨГ МАЛЧДАД ӨГЧЭЭ
Өргөн том гинжээр уясан саглагар үстэй, бадриун биетэй ноход бүдүүн дуугаар хуцах нь сүрдмээр. Тэд төд удалгүй тайвширч, дөлгөөхөн харцтай болсон нь ажиглагдана. Харин гөлөгнүүд нь ээждээ эрхэлж, наана, цаана гарч гүйлдэх нь өхөөрдөм ажээ. Мөн хоорондоо эрхэлж хөөцөлдөнө. Орчноо ажиглаж, хотчийн үүргээ биелүүлэх ноход соргог гэж жигтэйхэн юм.
Тус үржүүлгийн газар нь 2017 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Одоогоор 40 гаруй нохойтой. “Дархан тайж”-ийн бусад газраас ялгагдах онцлог нь цэвэр монгол банхар үржүүлж, малчдад үрчлүүлсээр өдий хүрчээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй нохойг малчдад өгсөн байна. Анх Завхан аймаг болон Дарханы оролцоох сумын малчдад нийлүүлдэг байж. Харин одоо Архангай, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгууд нэмэгджээ. Тус төвийнхөн монгол орны ханаас ч зорьж, холбогдсон малчдад төвөгшөөлгүй авах нохойг нь явуулдаг гэнэ.
Анх “Тайж Хасар Банхар” ТББ-ын захирал А.Нямпүрэв эр, охин хоёр нохой авч тэжээжээ. Дараа нь монгол банхарын гөлөгний сугалаанд ороод 10 гөлөгнөөс долоог нь хожиж байсан гэнэ. Ийнхүү тэрбээр үнэнч андтайгаа хувь заяагаа холбосон нь энэ. Тэрбээр сайтар судалсны үндсэн дээр үржүүлгийнхээ тоог нэмдэг байна.
Монгол банхар нь жилдээ нэг удаа буюу өвлийн улиралд л гөлөглөдөг. Бусад нохой 10-аас дээш гөлөг гаргадаг бол банхар нь зургаагаас найман гөлөг гаргадаг ажээ. Шинээр мэндэлсэн гөлөг нь 25-аас дээш хоногтой бор хоолонд ордог байна. Харин малчид руу 45-аас дээш хоногтой бойжсон гөлгийг явуулдаг уламжлалтай. Тэд гөлгөө өгөхдөө яг өөрсдийн хүүхдээ явуулж буй мэт хэрхэн тэжээх, хоол, арчилгаа зэргийг нь хэлж зөвлөдөг гэнэ.
УЛСЫН АВАРГА НОХОЙ
“Дархан тайж” үржүүлгийн газрын нохой нь шилдэг нохой тодруулдаг улсын аваргын тэмцээнд 2020 онд түрүүлсэнээр Дархан-Уул аймагтаа анхны медалийг авч иржээ. Харин сүүлийн хоёр жил тэмцээнд оролцоод одоогоор 10 гаруй медаль хүртсэн байна. Дээрх монгол банхарыг мэддэг, туршлагатай, судлаачид шүүдэг юм байна.
Мөн улсад түрүүлсэн нохойгоо өнгөрсөн жил Солонгос, Тайланд шүүгчтэй хоёр тэмцээнд оролцуулжээ.
Тус тэмцээний нэгэнд нь хоёрт, нөгөө тэмцээнд нь дөрөвт орж, амжилтаа бататгасан байна.
Нохойны тэмцээнд биеэ авч яваа байдал, үүлдэр, анатоми, зан чанар, үсний ширхэг, нүдний өнгө, бие, шүдний зуулт зэргийг нь харж шалгаруулдаг байна
Банхар нь Завхан, Дундговь, Төв, Говь-Алтай, Ховд, Баянхонгор гэсэн аймгуудад цөөн тоогоор байдаг бөгөөд халтар, хар, зүрх цагаан, шар гэсэн үндсэн дөрвөн зүстэй. Халтар нь дотроо шар халтар, цагаан халтар, улаан халтар гэж бий.
Үүнээс гадна дөрвөн нүдтэй монгол банхар шөнө орой муу муухай зүйлийг хардаг, сайн мууг мэдэрдэг, зөн совинтой ажээ. Мөн муу гөлөг гарвал эх нь ялгаад тавьчихдаг байна. Харин нохойны эрчимтэй өсөх нас нь нэгээс 10 сар. Үүнээс цааш хоёр нас хүртлээ л өсдөг.
Монгол нохойн өөр нэг онцлог нь урт насалдаг ажээ. Дэлхий дээр 200 гаруй үүлдрийн нохой бий. Үүнээс хамгийн урт насалдаг нь банхар юм байна. Зөв, зохистой тэжээвэл 25 нас хүрэх боломжтой гэнэ. Харин гадаад болон бусад угшилын нохой 15 нас хүрдэг ажээ.
Жилийн дөрвөн улиралд тэжээдэг
А.Нямпүрэв “Малчдад гөлгөө үнэгүй өгөхөөр их хариуцлагагүй ханддаг юм билээ. Тиймээс урсгал зардлаар нь өгөх болсон. Манайх үржүүлгийн газрын гөлөгнүүддээ улирал бүр вакцин, туулга хийлгэдэг. Мөн өдөрт гурван удаа хооллодог. Нохой төрөх үед энгийн үеэс илүү зарлага гардаг. Зориулалтын хоол өгөхөөс гадна, гоймон, шар будаа чанаж өгнө.
Үйлдвэрийн зориулалтын хоол 11000-20000 төгрөгийн хооронд байдаг. Нэг нохой өдөрт 3000 төгрөгийн хоол иддэг гэж тооцвол сардаа 90000 төгрөг болно. Харин жилээр бодоход сая гаран төгрөг болдог. Үүнээс гадна туулга, вакцин, үүр, идүүр гинж гээд тоочоод байвал багагүй зардал гардаг.
Тиймээс урсгал зардлыг тооцоолж эзэнд нь өгдөг. Дунджаар үнэ нь 400-500 мянгын хооронд. Мөн гөлөг төрсний дараа 30-90 хоногтой байхад нь хоёроос дөрвөн вакцин хийх ёстой. Харин туулгыг улиралд нэг удаа хийнэ. Учир нь нохой үргэлж чанаж болгосон хоол иддэггүй. Малын өөх тос орсон хоол өгч байгаа бол заавал туулгах ёстой. Туулга нь нохойнд тарга тэвээрэг оруулдаг. Хэрэв туулга хэрэглээгүй бол туузан хорхой биед нь хуримтлагдаж, өнгө зүс муутай, тарга муутай байна. Тиймээс нохой тэжээхэд хамгийн түрүүнд хооллолтод нь анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Тус үржүүлгийн газар нь энэ өвөл 10 гаруй гөлөг малчдад өгсөн байна. Тэдгээр гөлөгнүүд нь том болох тусмаа хотоо хамгаалж, малд явахаас эхлээд малчдын амьдралд тус дэм үзүүлдэг гэнэ
Сүүлийн үед хүмүүс байранд нохой тэжээх болсон. Энэ тухай А.Нямпүрэв “Хүмүүс өтгөн үстэй нохойг дулаан газар тэжээх нь буруу гэсэн ойлголттой байдаг. Гэтэл банхар нь дасан зохицох чадвар өндөртэй учраас ямар ч газар тэжээх боломжтой. Мөн нохой тэжээхэд ойр дотныхон нь болон гэр бүл нь дэмждэг байх хэрэгтэй. Тухайлбал, манай эхнэр, хүүхдүүд намайг их ойлгодог” гэлээ.
Мөн “Дархан тайж” үржүүлгийн газар нь нохой бүртээ удмын бичиг хөтөлдөг. Энэ нь удмыг нь цэвэр байлгахад чухал нөлөөтэйгөөс гадна тухайн нохойны талаарх гарал үүсэл бусад чухал мэдээллийг нь харах бүрэн боломжтой юм. Сурвалжлага хийх явцдаа энэ цаг үед ховордоод буй монгол банхар нохойг тэжээн үржүүлж буй энэ хүнээр өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрж байлаа.
Хэдхэн цаг үржүүлгийн газартай танилцахад тэжээж буй эзнээс их арчилгаа, тэвчээр, хөдөлмөр шаарддаг болох нь харагдаж байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Баатарын НЯМСҮРЭН
2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.