Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улс 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай. Энэ жил МУ-ын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, МУ-ын шигшээ багийн тамирчин Т.Санчир нар хавдрыг даван туулагч хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж өглөө.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, МҮОХ-ны Ерөнхийлөгч, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажилчид, бусад лавлагаа шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүд болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүлболон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нар оролцлоо.
Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд Монгол улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг байна. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна. Монгол улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байна.
ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобаль санаачлагыг гаргасан. Уг санаачлагын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60%-аас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж байна.
Монгол улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачлагад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон юм. Тус санаачлагын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын "Сэйнт Жүүд" Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.