СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-02-15

С.Чинзориг: Эмийн чанар болон үнэтэй холбоотой зохицуулалтыг хийх шаардлагатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцсан байна.

Хүний амь нас, эрүүл мэнд цаашлаад монгол хүний удмын сан, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эмийн чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх үүрэгтэй энэ газар Засгийн газрын 2021 оны шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэх гэж буй ч өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор нь хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж дутагдалтай, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт хангалтгүйгээс гадна эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй зэрэг тулгамдсан олон асуудал байгааг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа танилцуулав.

Тус газар эмийн бүртгэлийг хариуцдаг бөгөөд эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үнэлэх шат дараалсан үйл ажиллагааг явуулж бүртгэлийг 85-110 хоногт хийдэг байна. Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 4196 нэрийн эм бүртгэлтэй байгаагийн 80 хувь нь импортоор орж ирдэг. Үндэсний үйлдвэрийн эмийн 55 хувь нь буюу 469 нь уламжлалт, 45 хувь буюу 388 нь европ. Импортын эмийн 42 хувь нь ДЭМБ-ын хатуу зохицуулалттай 30 орноос ирдэг бол бусад 29 улсаас 58 хувийг нь хангадаг байна. Сүүлийн жилүүдэд хатуу зохицуулалттай улс орноос оруулж ирэх эмийн хэмжээ буурч байгаа гэсэн мэдээллийг тус газрынхан өгөв.

Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй дотоодын 43 эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн ес нь GMP эмийн үйлдвэрийн зохистой дадал, стандартын шаардлага хангасан батламж авсан бөгөөд эмийн үйлдвэрүүд нийтдээ 806 нэр төрлийн эм үйлдвэрлэж буйн 59 хувь нь олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байдаг байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус газрынханд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулахдаа эмийн чанартай холбоотой асуудалд онцгой анхаарч, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийг чадавхижуулж олон улсын жишигт нийцсэн лабораторитой болгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцолсон. Эмийн чанарын хяналт, баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж буй лаборатори эмийн чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд байр, тоног төхөөрөмж, урвалж, стандарт бодис, хүний нөөцийн хувьд дутагдалтай. Тодруулбал, олон улсад эмийн чанарын хяналтыг найман үзүүлэлтээр гаргадаг бол манайд ердөө гурвыг нь л хийж байгаа. Энэ байдлыг сайжруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлаагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна. Энэ асуудлыг улсын төсвөөс гадна ДЭМБ болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгээр шийдвэрлэх арга замыг судалж шийдвэрлэх боломжтойг С.Чинзориг сайд хэлээд лаборатори олон улсын жишигт нийцэж байж эмийн чанарын хяналтыг шаардлагатай түвшинд хийх боломжтой болох тул энэ асуудалд онцгой анхаарна гэсэн юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр хуулийн төсөлд зарчмын хэд хэдэн асуудлыг тусгаж буй бөгөөд эхний ээлжинд малын эмийн тухай хууль, хүний эмийн тухай хууль тусдаа байх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Мөн эм, тарианы зохицуулалттай холбоотой асуудалд төр оролцох ёстой, өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой байх ёстой гэдэг утгаар зарим зохицуулалтуудыг хийх шаардлагатай байгааг тайлбарлаж байв.

Тэрбээр эмийн үнэтэй холбоотой асуудлаар “Иргэд эмийн үнэтэй холбоотой асуудал их ярьдаг. Оны өмнө тойргийн сумдаараа явахад өргөн хэрэглээний бараа, эмийн үнийн өсөлтийг зохицуулах боломж байна уу гэдэг асуултыг олон хүн тавьсан. Тиймээс ҮСХ-ноос үнийн өсөлтийн судалгаа авч үзэхэд нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувиар өссөн, зарим төрлиийн эм, тухайлбал, хүүхдийн дархлааны виферон лааны үнэ бүр хэд дахин өссөн байсан. Зах зээлийн үед төрөөс эмийн үнийг хатуу зохицуулах боломжгүй ч бид ямар нэг алхам хийх ёстой” гэсэн юм.

Мөн эм, тарианы улсын нөөцтэй байхыг хуульчлах шаардлага байгааг онцлоод “Манай улсын импортын эмийн хангамжийг хувийн хэвшил гүйцэтггэдэг учраас улсын нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй. Гамшиг ослын үед гэхчилэн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг эм, тарианы улсын аюулгүйн нөөц гэж байх ёстой гэж үзэж байгаа тул энэ төрлийн зохицуулалтыг ч хуульчлах шаардлага байгаа” гэв.
Эмээс гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн нэрээр олон нийтэд сурталчлан борлуулж буй зүйлст хяналт тавьдаг байх, монгол хүний бие организмд нийлэмжтэй эсэхэд эмнэл зүйн тандалт хийдэг байх зэрэг хэд хэдэн тодорхой асуудалд анхаарахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынханд үүрэг болгоод тус газрыг өөрийн гэсэн байртай болгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй байцаагч нарт тулгамдаж буй асуудлыг шийдэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, мэргэжлийн хувьд чадавхижуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.