Саудын Арабын хаант улсын тав, Йорданы хашимит хаант улсын болон манай улсын тус бүр нэг иргэн хамтарч “Улаан ном”-д орсон ховор амьтан болох хар сүүлт агнасан хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэд “Ланд круйзер-100” загварын автомашин хөлөглөн 2022 оны долдугаар сарын 23-нд Дундговийн Цагаандэлгэр сумын нутгаас, мөн сарын 25-нд Өмнөговийн Манлайгаас ооно, шаргачин тус бүр нэгийг агнасан аж. Наадмын өдөр Монголд ирсэн тэдний нэг нь нэлээд хэдэн жилийн өмнө дээрх аймгуудын нутгаар аялан, GPS төхөөрөмжид явсан маршрутаа тэмдэглэн, шонхор барих газруудтай танилцаж байсан гэнэ. Уг маршрутаараа бусадтайгаа хамтарч, монгол газарчин, хэлмэрч дагуулан явахдаа ийнхүү хоёр хар сүүлт агнажээ. Зөвхөн хар сүүлтээр тогтохгүй цагаан зээр, ногтруу шувуу арваадыг, хоёр ч туулай авлан хүнсэндээ хэрэглэсэн гэдгээ мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн байв.
Ховор амьтны жагсаалтад багтсан хар сүүлтийн шаргачны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр сая, ооныхыг 1.7 сая төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд хууль бусаар агнасан, тээвэрлэсэн гэм буруутай нь тогтоогдсон бол хохирол, төлбөрийг хоёр дахин нугалж төлүүлэхээр Амьтны тухай хуульд заасан билээ.
Саудын Араб, Йорданы хашимит хаант улсын иргэд шүүх хурлаас өмнө ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний төлбөрийг хоёр дахин нугалсан үнэ болох нийт 7.4 сая төгрөгийг Төрийн банкаар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсэн аж. Араб иргэд манай улсын иргэн О.Ерханатын эзэмшлийн хоёр жийпийг түрээслэн хөлөглөж явсан бөгөөд хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор заасан. Дээрх шүүх уг хэргийг хэлэлцээд тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, автомашинуудын үнэ болох 39.5 сая төгрөгийг араб иргэдээс тэнцүү гаргуулж, улсын төсөвт оруулахаар болжээ. Улмаар манай улсын иргэнийг 5.4, Саудын Арабын хаант улсын иргэн, ховор амьтныг буудаж авласан А.Абдулыг 15, бусад хүнийг 12 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.