СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-14

Г.Занданшатар: Ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг сонсож байгаагаараа ач холбогдолтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс дахин санамсаргүй түүврээр сонгогдсон 800 гаруй иргэн зөвлөлдөх уулзалтад оролцож, иргэний болон улс төрийн эрх, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо илэрхийлж байгаа юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Дэлхий даяар ардчилал өөрийн гэсэн сорилт бэрхшээлтэй учирч байна. Тиймээс ардчиллыг бэхжүүлэх, төлөвшүүлэхийн тулд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсдог, ард түмний санал бодлыг харгалзан үздэг жишгийн дагуу ард түмнээ сонсох аян өрнөж байна. Энэ хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Социологийн шинжлэх ухааны аргачлалаар нийт ард иргэдийг төлөөлж чадахуйц олонлогийг түүвэрлэдэг арга бий. Санамсаргүй буюу солонгоруулан сонгодог аргаар 1570 иргэнээс эхлээд санал асуусан. Учир нь бид малчдын санал бодлыг сонсъё гэхэд 300 мянган малчныг бүгдийг нь нэг дор цуглуулаад, мэдээллээр хангаад хэлэлцүүлэг өрнүүлэх боломжгүй. Тиймээс кластер хэлбэрээр бүлэглээд төлөөлөл болгон 30 эсвэл 300 малчны санал бодлыг сонсож болно. Үүн шиг хэрэг. Бүх иргэдийн төлөөлөл энд ингэж цугларсан.

Нөгөө талаас эдгээр иргэдийг боловсолтой юу, үгүй юү гэдэг асуулт өрнөөд байна. Гэтэл мал аж ахуйн асуудал хэлэлцэж байхад эмч хүн ирээд суучихвал мэдэхгүй. Эсрэгээрээ малчин хүнд эрүүл мэндийн асуудал яривал мэдээлэлгүй байж таарна. Тиймээс гэсэн үг. Энэ бол судалгааны томоохон ажилтай ижил. Тиймээс энэ хүмүүс судалгаанд мэдлэг, мэдээлэлгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр оролцох ёсгүй гэж үздэг учраас экспертүүд болон эрдэмтэн, судлаачдын үгийг энэ хүмүүст тэнцвэртэйгээр хүргэж байгаа юм.

Давуу болон сул талыг нь танин мэдүүлсний үндсэн дээр саналыг нь асуух гэж байна шүү дээ. Олон нийтийн зүгээс хамгийн их хүсэж байгаа асуудал нь шударга ёс, хариуцлага. Тиймээс хариуцлага тооцдог цоо шинэ механизм нь ард түмнийг төлөөлж иргэдийн хяналтыг хэрэгжүүлдэг Төрийн хянан шалгах хороо байх болно. УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагад ч хяналт тавьдаг бие даасан хариуцлагын тогтолцоог бий болгох талаар хэлэлцэж байх жишээний. Тэгвэл үүний сул тал нь юу вэ, бас давуу тал ч байж таарна. Энэ талаар тэнцвэртэй мэдээлэл авсны үндсэн дээр олуулаа хэлэлцэж байгаа юм. Ингэж тухайн асуудлаар мэдлэг, мэдээлэлтэй болсны үндсэн дээр санал асуулга явуулах гэж байна. Тийм учраас мэдээлэлтэй санал асуулга болно” гэсэн юм.

Үндсэн хуулийг өөрчлөх эсэх тухай сэтгүүлчдийн асуултад тэрээр “Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийг өөрчлөх тухайд гаргаж буй саналыг энгийн ард иргэд хэрхэн үзэж байна вэ. Үүний толь, тусгал нь эндээс гарна. Зөвлөлдөх зөвлөл бүх саналыг нэгтгээд эрдэм шинжилгээний аргачлалаар дүгнэлт хийж, зөвлөмж боловсруулна. Ямар ч байсан бид ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг сонсож байгаагаараа ач холбогдолтой уулзалт болж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.