БШУЯ-наас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулах уулзалт зохион байгуулав.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-2021 оны бид ёсзүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд бүх сургуульд ёсзүйн зөвлөлтэй болсон. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй багшид ёсзүйн хариуцлага тооцсон.
Боловсролын байгууллагад сэтгэл зүйчтэй болох асуудал олон жил яригдсан ч саяхнаас ажил хэрэг болж эхэлсэн. 2021 оны хичээлийн жилээс эхлүүлэн ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллаж байна. Сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх ажлын хүрээнд дөрвөн удаагийн сургалт зохион байгуулж, нийт 207 сэтгэл зүйч бэлтгэсэн. Тэдний хувьд сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилчдад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж байгаа.
Ерөнхийдөө сурагчдын бие даах чадвар, зан төлөв, сурлагын ахиц дэвшилд тухайн мэргэжилтний гүйцэтгэх үүрэг асар их учраас мэргэжлийн сэтгэл зүйч бэлтгэх, сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгох ажилд анхааран ажиллаж байгаа юм. Мөн энэ хичээлийн жилд төрийн өмчийн гурван сургууль тутмын нэг нь сэтгэл зүйчтэй ажиллаж байна. Цаашид ч энэ тоог нэмэгдүүлж, сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоход анхаарч, хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэн ажиллахыг чухалчилна.
Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар зээл авсан суралцагчдын мэдээллийг овог, нэрээр нь ил тод зарлах ёстой гэж заасан. Гэвч Хувь хүний нууцын тухай хуульд “Тухайн иргэнээс зөвшөөрөл авсны дараа мэдээллийг ил тод болгоно” хэмээн заасан байдаг. Үүнээс үүдэж суралцагчдын мэдээллийг олон нийтэд ил тод зарлах боломжгүй болоод байгаа юм. Иймд тус зөрчлийг УИХ-ын хаврын чуулган дээр хэлэлцэж шийднэ. Хуулийн зөрчил арилбал өнгөрсөн хугацаанд боловсролын зээлийн сангаас зээл авсан 1.3 сая иргэний мэдээлэл ил тод болох эрх зүйн орчин бүрдэнэ.
Түүнчлэн дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн оюутанд үзүүлэх тэтгэлгийн журамд өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал Засгийн газраас дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд тэнцсэн нөхцөлд тэтгэлэг олгохоор болсон. Мөн тухайн шилдэг сургуулиасаа 50 хүртэлх хувийн тэтгэлэг авсан оюутанд Засгийн газрын тэтгэлэгт хамруулахаар журамд өөрчлөлт оруулсан байгаа. Өмнө нь бол сургуульдаа тэнцсэн гэх бичиг үзүүлээд тэтгэлэг аваад, хэлний сургалтад суусан тохиолдол гарсан. Иймээс одоо үндсэн сургалтад тэнцсэн байх шаардлагатай бөгөөд 50 хүртэлх хувийн тэтгэлэг авсан байх шалгуур үзүүлэлттэй болсон.
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жилээс эхэлж олгож эхэлсэн. Энэхүү тэтгэлэгт одоогоор 75 оюутан суралцаж байна. Тус тэтгэлгийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд магистр, докторын түвшинд суралцах оюутанд олгож байгаа. Өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн сангаар сурсан хүүхдүүдийн дийлэнх нь бакалаврын түвшинд тэтгэлэг авч суралцсан байна. Үүнээс харахад бакалаврын түвшинд тэтгэлэг олгох нь өгөөж багатай байна гэж харсан. Иймээс цаашид магистр, докторын түвшинд тэтгэлэг олгож эрдэмтэн, судлаачдыг дэмжинэ.
Өнгөрсөн жил Боловсролын багц хуулийг өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж тооцоолж байна. Бага Үндсэн хуулийн хэмжээнд нэрлэгдэхээр том хууль гэж хэлж болно. Хэлэлцүүлэг өрнөж, нийгмийн зөвшилцлийг хийх зайлшгүй шаардлагатай юм. Энэ хууль батлагдснаар хотын, орон нутгийн, төрийн, хувийн гэдэг ялгааг арилгана. Бид дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийн үнэлгээг нэвтрүүлнэ.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд их, дээд сургуулиудад 3,000 гаруй хөтөлбөр хэрэгжиж байсан. Үүнээс 1,086 хөтөлбөр нь огт эрэлт, хэрэгцээгүй болсон учраас цуцалсан. Үүнтэй уялдуулж 88 их, дээд сургуулийг өнөөдөр 63 болгож цөөлсөн. Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 63 болгож байгаа гэсэн үг.Цаашдаа дээр дурдсан тоо 40 рүү орох нөхцөл байдал үүснэ. Өнгөрсөн намар хөтөлбөр нь оюутангүй, хичээллэх байргүй их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хаасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.