Гурван өгүүлбэрээр:
Нийлүүлэлт нэмэгдсэн ч...
Мөнгөний нийлүүлэлт нэгдүгээр сарын эцэст 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өссөн болохыг ҮСХ мэдээллээ. Өсөлтөд валютын харилцах дансны үлдэгдэл 2.2 дахин, валютын хадгаламж 35.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд валютын хадгаламжийн үлдэгдэл тасралтгүй өссөөр 5.5 их наяд төгрөг хүрээд байна. Валютын нийлүүлэлт нэмэгдэж байхад төгрөгийн ханш суларсан хэвээр байгаагийн шалтгаан нь нөөцийг хуримтлалаар бус зээлээр бүрдүүлсэнтэй холбоотой болохыг "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн шинжээчид онцолж байв.
1000 автомашин
Хоёрдугаар сарын 10-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1002 автомашин Монголын талаас гарсан байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш тус боомтоор гарсан нүүрс тээврийн автомашины тоо өдөрт 1000 давсан хоёр дахь тохиолдол болохыг "Sxcoal" мэдээлжээ. Түүнчлэн экспортын хоёр дахь гол гарц болох Шивээхүрэн-Сэхэ боомтоор өдөрт гарсан нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдэж, 400 давсан байна.
Байр суурь
"Хувьцаа авахтай холбоотойгоор зарим иргэд, ААН-үүдэд ойлголтын зөрүү байх шиг байна. Ихэвчлэн богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, богино хугацаанд ашиг авах сонирхолтой байдаг. Гэхдээ баруунд бонд, үнэт цаасны хөрөнгө оруулалтууд доод тал нь 20-30 жил үргэлжилдэг. Энэ нь эргээд урт хугацаандаа маш өндөр өгөөж өгдөг. Хувьцаа авч буй иргэд, ААН-үүд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, инфляц болон ханшийн савлагаанд өртөхгүй байдлаар өөрийн хөрөнгийг хамгаалах сэтгэлгээтэй болоосой гэж хэлмээр байна" хэмээн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцлов.
Өөрчлөлт ба ашиг
2022 онд Монголын Хөрөнгийн бирж 297.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны цэвэр ашиг болох 3.2 тэрбум төгрөгтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт болж байна. Нээлтттэй компани болохоор бэлтгэж, давхар таваарын биржийн үйл ажиллагаа явуулахаар болсон тус компанийн ашиг буурахад үйл ажиллагааны орлого нь 22 хувиар буурч, 4.24 тэрбум төгрөг болсноос гадна ерөнхий ба удирдлагын зардал дөрвөн тэрбум төгрөг дөхсөн нь голлон нөлөөлжээ.
Харилцаа холбоо 2022 онд
2022 онд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос найман хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Тайлант хугацаанд утасгүй холбооны үйл ажиллагаа, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа, утсан холбооны орлогууд 9-18 хувиар тус тус өссөн нь гол жин даржээ. Өнгөрсөн онд кабелийн телевиз хэрэглэгчид 991.4 мянга хүрч, өмнөх оноос 3.8 хувиар өссөн бол интернэт хэрэглэгчдийн тоо 4.2 сая болж, өмнөх оноос 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Доха руу ниснэ
Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр "МИАТ" компани томилогджээ. Монгол Улс, Катар улсын иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирсон байдаг. Талууд энэ хүрээнд "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид харилцан нислэг үйлдэх боломж бүрдэх юм.
"Өөр сонголт бий"
2023 онд ОХУ түүхий газрын тосны экспортынхоо 80 хувь, газрын тосны бүтээгдэхүүнийхээ 75 хувийг "нөхөрсөг" харилцаатай орнуудад нийлүүлэхээр төлөвлөснийг тус улсын Ерөнхий сайдын орлогч Александр Новак өгүүлжээ. Европын Холбооноос зарласан импортын хориг, "Их 7"-ийн тогтоосон үнийн таазтай холбоотойгоор ОХУ-ын газрын тосны экспорт зургаан долоо хоногийн доод түвшинд хүрснээс гадна ирэх сараас гарцаа өдөрт 500 мянган баррелиар бууруулах шийдвэр гаргасан юм. Сүүлд АНУ стратегийн нөөцөөсөө газрын тос зарахаар болсноо зарласны дараа WTI төрлийн газрын тосны үнэ нэг хувиар унаад эргэн сэргэсэн байна.
Хагарал дундах хамтрал
"Ford" компани, БНХАУ-ын "CATL" компаниуд хамтран АНУ-ын Мичиган мужид цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү төслийн судалгаа АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн геополитикийн асуудлаас үүдэн нэлээд удааширсан ч эцэст нь ийнхүү хэрэгжихээр болжээ. Олон тэрбум ам.долларын өртөгтэй цэнэг хураагуурын үйлдвэр нь Детройт хотоос 161 км зайд байрлах бөгөөд шинээр 2500 ажлын байр бий болгох төлөвтэй байна. "Ford" компанийн зүгээс "CATL"-д цэнэг хураагуурын үйлдвэрийг барилга байгууламж, дэд бүтэцтэй нь хамт 100 хувь өөрсдөө эзэмших санал тавьсан байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр "Ford"-ийн ажилчид цэнэг хураагуур үйлдвэрлэж, "CATL" үйлдвэрлэлийн технологийг нь хангах төлөвтэй аж.
Үнэ цэнээ алддаггүй "iPhone"
Хэрэглэж байсан ухаалаг гар утасны борлуулалт дэлхий даяар 2026 он гэхэд 416 сая нэгж хүрнэ гэж "IDC"-ийн шинжээчид тооцооллоо. Энэхүү 99 тэрбум ам.доллароор хэмжигдэх зах зээлийг "Apple" компани тэргүүлж байгааг судалгаа харуулж байна. Тухайлбал: зах зээлд борлуулагдаж буй нийт хуучин гар утасны 82 хувийг "iPhone" эзэлж байгаа бөгөөд бусад брэндийн ухаалаг гар утастай харьцуулахад үнэ цэнээ ч урт хугацаанд хадгалдаг аж. Түүнчлэн ихэнх бүс нутагт хэрэглэж байсан ухаалаг гар утасны эрэлт нийлүүлэлтээ давсныг судалгаанд дурджээ.
Ганц биечүүдийн татвар
Нью-Йорк хотод ганц бие байх нь өртөг өндөртэй аж. Хэдийгээр ганц биечүүд Валентины баярын болзоонд зориулах мөнгөө хэмнэх давуу талтай ч ганцаараа амьдарснаар гарах зардал буюу америкчуудын нэрлэдгээр "ганц биечүүдийн татвар" нь түүнийг хэд нугалдаг болохыг "Zillow"-ийн судалгаа харуулж байна. Тухайлбал: Нью-Йорк хотод ганцаараа нэг өрөө байр түрээслэхэд хамт амьдардаг хосуудтай харьцуулбал жилд 19,500 ам.доллар илүү төлдөг аж. Харин Манхэттэн дүүрэгт жилийн "ганц биечүүдийн татвар" нь 24 мянган ам.доллар давж байгааг тооцоолжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Алтны биржээр арилжаалагддаг сангуудын гарах урсгал I сард $1.6 тэрбум хүрэв
АНУ чухал ашигт малтмалын салбарт БНХАУ-ын ноёрхлыг сөрөхийн тулд Япон, Их Британитай гэрээ байгуулна
“Amazon”-ийн охин компани “Zappos” ажиллах хүчнийхээ 20 хувийг цомхотголоо
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.