СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнх-Эрдэнэ Хөххот дахь консулаар ажиллаж байхдаа дараах гэмт хэргүүдийг "үйлджээ"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Лайвчин” хэмээн олон нийтийн сүлжээнд хүмүүс мэдэх болсон Д.Мөнх-Эрдэнэ болон “Евросервис” компанийн захирал Б.Ганбаяр, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Пүрэвжав зэрэг хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн, хээл хахууль өгөхөд хамжигчаар оролцсон, бусдыг гүтгэн доромжилсон хэрэгт буруутган шалгасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан учраас өнгөрсөн сард цагдан хориод сулласан билээ. Гэвч тэрбээр батлан даалтад гараад таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн учраас дахин хорьсон юм.

Д.Мөнх-Эрдэнийг Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 11-ний 46 дугаар тогтоолоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар томилсон байдаг.

Тэрбээр төсөв захиран зарцуулах эрх бүхий нийтийн албан тушаалтан болсныхоо дараа эрх мэдлээ урвуулж, хуулиар хориглосон үйлдлүүд гаргаж байсан учраас холбогдох байгууллагууд нь түүнийг шалгуулахаар 2019 онд АТГ-т хандсан юм.

Тухайлбал, Гадаад харилцааны болон Сангийн сайдын нарын 2012 оны А/18/50 дугаартай тушаалаар хамтран баталсан Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал, хангамжийн тухай журмын “Суугаа орны хуулиар тусгайлан зохицуулаагүй бол ажилтан нарт төрөөс зардлыг нь хариуцах орон сууцын талбайн хэмжээг нэг хүнд 10 ам метр байхаар, дунджаар нэг ам бүлд 30-60 ам метр байхаар тогтооно. Түүнээс илүү талбайн хөлсийг суугаа орны тарифын дагуу эзэмшигч өөрөө төлнө” гэсэн заалтыг зөрчсөн гэнэ.

Уг нь Хөх хотод суугаа ерөнхий консулын амьдрах зориулалттай 76 ам метр талбай бүхий гурван өрөө орон сууц байдаг аж. Тийм атал Д.Мөнх-Эрдэнэ 200 ам метр талбайтай гурван өрөө орон сууц түрээслэх гэрээ байгуулж, төлбөрт 250-иад мянган юань төсвийн хөрөнгөөс гаргаж Хятадын иргэнд олгосон хэрэгт холбогдсон аж

Мөн тус хот дахь Хянган замын тусгай дунд сургууль хүүхдээс нь сургалтын төлбөр аваагүй байхад 2016-2019 оны хооронд суралцсан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт 40 гаруй мянган юань төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулан эхнэртээ олгосон үйлдэлд буруутгагдаж буй юм.

Бас тэрбээр эрх мэдлээ урвуулж албан хэрэгцээндээ ашиглаж байсан автомашиныг үзлэгт оруулах нэрээр Хятадын иргэнтэй хуйвалдан мөнгө завшсан хэрэгт холбогдсон байна.

Тодруулбал, Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан, “Соната-7”, “Старекс” загварын автомашиныг 2018 оны зургадугаар сард тус улсын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад уг ажлыг гүйцэтгүүлэх нэрээр гэрээ байгуулан, түүнийгээ ч дүгнэлгүй БНХАУ-ын иргэнд тухай үеийн ханшаар нэг сая гаруй төгрөгтэй тэнцэх юань олгосон байж.

Эдгээр үйлдлээр тогтохгүй Хөх хот руу ирж, очих зардлыг онгоцны тарифаар тооцон илүү мөнгө авч, төсөвт хохирол учруулсан хэрэгт Д.Мөнх-Эрдэнийг буруутгасан аж.

Дипломат ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад олгох зардал хангамжийн тухай журамд заасны дагуу олгодог. Уг журмын 3.2-т “Суух хот хүртэл галт тэрэг шууд зорчдог, ОХУ, БНХАУ-ын хот хүртэл галт тэрэгний энгийн суудлаар тооцож унааны зардал олгох”, 4.8-д “Ирэх, буцах нийт хоног нь галт тэргэнд зургаагаас дээш хоног зарцуулах тохиолдолд төсвийн байдлаас хамааран дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний тушаалаар нисэх онгоцны энгийн суудал олгож болно” гэж заасныг зөрчиж, замын зардлыг агаарын тээврийн тарифаар тооцон, илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн яллах дүгнэлт үйлдээд байна.

Мөн тэрбээр 2021 оны аравдугаар сарын 21-нд фэйсбүүк дэх Даваагийн Мөнх-Эрдэнэ гэсэн хаягаасаа “Нямдорж гуайн нууц амраг Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга, хуурамч дүгнэлт гаргадаг С.Оюунбилэг” гэсэн утгатай мэдээлэл оруулж, гурван өдрийн дараа уг хаягаараа шууд бичлэг (live) хийж “Бас нэг нууц амрагийн тухай ярья. Бусдын боловсон хүчний бодлогыг дээрэмдэж нууц амрагуудаа тавьсан учраас би яриад байгаа юм. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан Оюунбилэг гээд бас нэг нууц амраг нь байдаг гэнэ”, “2019 онд Нямдорж гуайн балгийг анх Монголын ард түмэнд би илчилсэн тэгээд илчлэнгүүт Нямдорж гуай намайг зуугаад Оюунбилэгийгээ томилуулж авч байгаад надад хуурамч дүгнэлт гаргасан” гэх зэргээр С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт Д.Мөнх-Эрдэнийг буруутгасан байгаа юм.

Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд Гадаад харилцааны яамны байр руу нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийсэн билээ. Тэр үед ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай ноцолдож буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд бий.

Үүнийг таслан зогсоохоор Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч З.Өнөболд, У.Ишхүү, У.Одгэрэл нар шаардлага тавихад нь эсэргүүцэн тэднийг өшиглөх, хувцаснаас зуурах, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл гаргасан учраас Эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Дээрх үйлдлүүдээс гадна “Евросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяртай хамтран бусдад хахууль өгсөн үйлдэлд холбогдсон аж. Богд хан уулын Залаатын аманд тус компани 0.35 га газар ашиглахаар авсан бөгөөд түүнийхээ хугацааг сунгуулж, гэрчилгээ гаргуулж авахын тулд Б.Ганбаяр нь 30 сая төгрөг Д.Мөнх-Эрдэнэд өгч.

Түүнийх нь 10 саяыг Д.Мөнх-Эрдэнэ өөрөө ашиглаж, үлдсэн 20 саяыг нь УИХ-ын Тамгын газрын албан тушаалтан болон БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батмөнх, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Пүрэвжав нарт дамжуулан хахууль болгож өгсөн хэмээн буруутгагдаж буй аж.

Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 17-ны баасан гарагт хийхээр товложээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.