СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-ын одоогийн бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог нэмэх нь тодорхой болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Бараг л гучин жил үргэлжилсэн том хулгайнууд, түүнийг дагасан авлига, албан тушаалын гэмт хэргүүд сүүлийн гурван жилд ээлж дараалан ил болсоор байна. Үүнд засаг санаачлагатай, тэр нь олон нийтийн дэмжлэгтэй байгаа юм.

Гэхдээ гол ажлыг АТГ, ЦЕГ, ТЕГ, тэгээд прокурор, шүүх нугална. Эднээс хамгийн түрүүнд “гал” руу үсэрч ордог нь АТГ-ынхан, тэдэнд галын дэмжлэг үзүүлдэг тагнуул, цагдаагийнхан юм.

Дээр дурдсанчлан том хулгайн хэргүүд илрэхийн хэрээр АТГ-ын ачаалал нэмэгддэг. Ер нь АТГ “ачаа”-гаа дийлж байна уу. “Даац” нь хэтэрсэн гэхэд болно. Тиймээс ЦЕГ, ТЕГ-аас хүч нэмсэн ажлын хэсгийг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэдэг. Нүүрсний хэрэг дээр гэхэд л энэ гурван байгууллагын 80 гаруй мөрдөгч нийлж ажиллаж байна.

Дээрээс нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас “...Авлигатай тэмцэх 5Ш арга хэмжээг авна” гээд зарлачихлаа. Энэ 5Ш арга хэмжээний хүрээнд АТГ-ын ачаалал улам нэмэгдэнэ. Тэгэхээр хэрэг бүр дээр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч ажилласаар байх уу гэдэг асуулт гарч ирнэ. 

Уг нь АТГ, ЦЕГ, ТЕГ тус тусдаа тусгай чиг үүрэгтэй байгууллага л даа. Зайлшгүй шалтгаан, онцгой нөхцөлд хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Тэгвэл цаашид ийм хэлбэрээр ажиллах хэргийн тоо нэмэгдэх тусам ЦЕГ, ТЕГ-ын өөрсдийнх нь чиг үүргийн ажлууд хойш тавигдахаар нөхцөл үүсээд байгаа юм. 

Үүнийг шийдвэр гаргагчид олж харсан бололтой. АТГ-ын үйл ажиллагаагаа дангаараа гүйцэтгэх бололцоог хангаж, зарим өөрчлөлтийг хийхээр ярьж байгаа юм байна. Тодруулбал, АТГ-ын одоогийн бүтцэд өөрчлөлт оруулах, тэр дундаа орон тоо нэмэх замаар ачааллыг багасгах аж. 

АТГ нь одоо дарга, дэд дарга, тэгээд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Тамгын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Тусгай хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Судалгаа шинжилгээний алба гэсэн долоон гол хэлтэс, албатай. Түүн дотроо Тамгын хэлтэс нь Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба, Санхүү, аж ахуйн албыг, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба, Хяналт шалгалтын албыг хариуцдаг. Мөн Мөрдөн шалгах хэлтэс нь гурван албатай. Гүйцэтгэх ажлын хэлтэс нь хоёр албатай юм байна. 

АТГ-ын ачааллыг буруулах арга хэмжээ авахдаа Мөрдөн шалгах хэлтэс, Тусгай хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтсийн алба хаагчдын тоог дориухан нэмэх гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр, тус газрын одоогийн мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын алба хаагчдыг даруй 10 дахин нэмэх хувилбар ч яригдаж байгаа юм байна. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх бололтой. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 36 (7021)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.