СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх уулзалтаар шинэ Үндсэн хуулийн тухай огт ярихгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Парламентад суудалтай намуудын төлөөлөл зөвлөлдөх уулзалтын талаар өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл өгөв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 80 дугаар тогтоол гаргаж, Зөвлөлдөх санал асуулга явуулахаар баталсан. Мөн УИХ-аас зөвлөлдөх зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Зөвлөлдөх зөвлөл нэгдүгээр үе шатын санал асуулгыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин 2-р сарын 14,15-ны өдрүүдэд 1570 хүнээс сонгогдсон 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны зөвлөлдөх зөвлөлийн уулзалт болно. УИХ-ын тамгын газар, Үндэсний статистикийн хороо, УИХ-аас томилсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Тусгаар тогтнолтой холбоотой томоохон асуудлуудыг Үндсэн хуулиас хасах тухай мэдээллүүд гараад байна. Өчигдөр энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээгээр ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Бид мөн үүнийг мэдэгдэж байна. Энэ зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр Үндсэн хууль тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд тулгамдаад байгаа дөрвөн том асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

Тогтолцооны хувьд боловсронгуй болгох, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудлууд багтсан. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсох хэлэлцүүлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-УИХ-ын дэд даргаар сонгогдсон цагаас миний бие Сонгуулийн тухай хууль өнөөгийн нийгэмд тохирохгүй байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс улс төрийн намууд санаачилж энэ чиглэл дээр олон удаагийн уулзалт хийсэн байгаа. Шинэ Үндсэн хуулийн төслийг Ардчилсан нам дэмжихгүй. Цаг хугацааны хувьд боломжгүй. Дээрээс нь энэ төсөлд дэмжиж болохооргүй олон заалт орсон байна. Зөвлөлдөх санал асуулгын дагуу иргэдийн хүсэн хүлээж байгаа өөрчлөлтийг харин хийгээд явах ёстой гэж бодож байна. Харин үүнээс наана УИХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн нарийн тухай хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ард иргэд улстөржилт, намчирхалаас залхаж байна. Цоо шинэ хуулиудыг хийх ёстой гэдэг байр суурьтай байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах тохиолдолд зөвхөн парламентын сонгодог хэлбэрийг төгөлдөржүүлэхэд анхаарч ажиллана.

ХҮН намын дарга Т.Доржханд: 

-Шинэ Үндсэн хууль гэдэг асуудлыг огт гаргаж ирээгүй. Өнөөдрийн хуулиар Шинэ үндсэн хуулийг өөрчлөх ямар ч боломжгүй юм. Дайн гарсан, засаглал өөрчлөгдсөн тохиолдолд л цоо шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. Харин манай намын хувьд байгаа тогтолцоогоо сайжруулахыг шаардсаар ирсэн. Манай нам 100 мянган иргэнээс мэдээлэл цуглуулсан.Одоо ч 330 сумаараа мэдээллээ тараагаад явж байна. Энэ Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлтөө иргэдэд сайн таниулах шаардлагатай байна. Зөвлөлдөх зөвлөл иргэдийн санал хүсэлтийг нэгтгээд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж ойлгосон. Энэ ажлаа яаралтай хийх хэрэгтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.