Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, “Эрэл” компанид холбогдох, хурал нь 26 удаа хойшилсон хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, элдэв шалтгийн дагуу хурал маш олон удаа хойшилж байсан юм.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр тус банкны төлөөлөл “Засгийн газрын тогтоолын дагуу “Эрэл” компанид “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээл олгосон. Үйлдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг одоо болтол төлөөгүй. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрсэн. Хөгжлийн банкнаас шүүхэд хандаж 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл бичсэн” хэмээж байсан юм.
Дээрх шүүхэд анх 154.4 тэрбум гаруй төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл Хөгжлийн банкныхан гаргаж байж. Шүүх хурал товлосон хугацаандаа болохгүй, хариуцагч тал төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байсан учраас хүү, алданги, торгууль зэрэг нь өссөөр 202 тэрбумд хүрсэн гэнэ.
Харин шүүхээс 171 тэрбум гаруй төгрөг “Эрэл” компаниас гаргуулж Хөгжлийн банканд төлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нь барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.