Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек Хустайн нуруунд. 2023.01.29
Чехээс Монголд ирээд буцах гэж буй ноён Мирослав Бобектэй танилцаж, ярилцлага авах манай баг 2023 оны 1 дүгээр сарын 29-ний Ням гаргийн үүрээр цугларлаа. Тэгээд түүний орчуулагчаар ажиллаж буй монголч эрдэмтэн хатагтай Вероника Капишовскатай холбогдсоны дагуу "Туушин" зочид буудлын гадаа очив.
Удалгүй зочид ч гарч ирж, бид танилцаж мэнд мэдэлцээд Хустайн нурууны зүг хүлгийн жолоо залсан билээ. Хустайн байгалийн цогцолбор газарт биднийг очиход нар арай хөөрөөгүй, өглөөний цагаан гэгээнд бүдэг бадагхан газрын өнгө бага багаар тодорсоор угтлаа. Ноён М.Бобекийн машин шууд тахийн нутаг уулын зам руу салж, бид ч араас нь дагалаа.
Удалгүй замын хажуухнаар болон уулын бэлд сүрэг тахь, халиун буганууд харагдаж, нар ч хөөрөөд ирлээ.
Хустайн нуруунд бага биш цастай, цас зарим газраа зам дагуу хунгарлажээ. Ноён М.Бобекийн машин уулын ар дээр тааваар бэлчих тахь, бугын сүргийн харалдаа зогсож, тэдний машиныхан бууж зураг авч, бичлэг хийж байна. Бид даган бууж, зураг дүрсээ авав. Тэрбээр орчуулагчийн хамт бидэн рүү ирж албан ёсоор танилцан, нэрийн хуудсаа солилцлоо.
"Хаана хэрхэн ярилцах вэ, хаана ч ярилцаж болно шүү, өнгөрсөн хоногуудад Дорнод аймаг руу яваад ирлээ. Монгол орноор дайран өнгөрсөн цаг агаарын хүйтэн урсгалтай тэнд таарсан. Маш их хүйтэн байсан. Энд харин сайхан дулаахан байна" хэмээн тэрбээр яриа өдөв. "Та Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?" гэхэд "Ёстой тоолж байгаагүй юм байна.
Анх 2000 онд ирсэн. 2010 онд Прагийн амьтны хүрээлэнгийн захирал болсноос хойш жил болгон шахуу, заримдаа жилдээ хэд хэдэн удаа ирж байсан. Тэгэхээр их олон удаа ирсэн болж таараад байна" гэв. Энэ мэтээр яриа эхэлж, явцын дунд ярилцлагаа үргэлжлүүлэхээр тохироод цааш хөдөллөө. Өдрийн хагас тэр хавийн тахь хардаг замуудаар явж, тахь харж, зураг авч, бичлэг хийв. Зам зуур ярилцлага ч үргэлжлэв.
Ярилцлагын ихэнх нь тахийн эмгэнэлт хийгээд эргэж сэргэсэн хувь заяаны талаар болон Прагийн амьтны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй зарим төсөл, мөн тус хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа шинэ санаачилгууд, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал амьтны хүрээлэнгүүдийг үзэгчгүй болгож санхүүгийн хүнд байдалд оруулсан зэргийг хөндөж өрнөв. Ноён М.Бобектэй Хустайн нуруунд хийсэн энэхүү хөөрөлдөөнөөс Прагийн амьтны хүрээлэнгийн монгол тахьтай холбогдох хэсгүүдийг онцолж байна.
Ноён М.Бобек Чехийн Карлын их сургуулийг төгссөн, амьтан судлаач мэргэжилтэй. 2010 оноос Прагийн амьтны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа. Их сургууль төгсөөд Чехийн радиод нэвтрүүлэгч, сэтгүүлч-сурвалжлагчаар ажиллаж, шинжлэх ухааныг сурталчлан таниулах ажлыг олон жил хийсэн.
Өөрөө санаачилж амьтан хамгаалах талаар хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, бас гар бие оролцсон, түүгээрээ багагүй алдаршжээ. Шинжлэх ухаан, байгаль хамгаалах салбарын нэр хүндтэй шагналуудын эзэн, амьтны тухай баримтат кино, нэвтрүүлгүүд болон олон номын зохиогч, амьтан судлаач төдийгүй сэтгүүлч, нийтлэлч, зохиолч хүн. Монголд л гэхэд түүний "Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?" (Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын бичсэн амьтны тухай өгүүллэгүүд) цуврал хоёр ном нь орчуулагдаж, уншигчдын хүртээл болжээ.
Сүүлийн үеийн амжилттай ажлаас нь хальт дурдвал Монгол руу тахь нутагшуулах, Африкийн Камерон улс дахь горилла хамгаалах зэрэг төслүүд дээр голлон ажиллаж буй ийм эрхэм.
"Миний амьтан судлаач болсон минь санаандгүй хэрэг биш, миний өвөө анчин, ээж маань байгалийн ухааны багш байв. Энэ бүхэн намайг амьтны ертөнцтэй холбогдож ажиллах мэргэжлийг сонгож ажиллахад нөлөөлсөн гэж боддог" хэмээн тэрбээр хэлж байна.
Түүнийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал болсноос хойш үзэгчдийн тоо өмнөх жилүүдээс хэд дахин нэмэгдэж, зэрлэг ховор амьтдын талаарх мэдээлэл олон нийтэд илүү нээлттэй болсон аж. Нэг ёсондоо тус хүрээлэнгийнхэн үзэгчдэд зөвхөн амьтан үзүүлэх биш, тухайн амьтдын ертөнцийг өөр өөрсдийнхөөрөө таньж мэдэж, нээхэд чиглэсэн зорилтот ажлыг үзэгчид рүү чиглүүлж түүгээрээ амжилт олжээ.
Энэхүү олон нийттэй харилцах, мэдээллийг ил тод нээлттэй болгох чиглэлээр амжилт олсон нь ноён М.Бобекийн олон жил сэтгүүлчээр ажилласантай нь холбоотой биз ээ.
Оршилд дурдсан шиг тэрбээр Монголд байн байн зочилдог эрхэм. Мэдээж ихэнхдээ тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулж байгаа төслийн ажлаар ирнэ. Анх 2000 оны үед тэрбээр Хустайн нуруунд амьтдын нүүдлийг судлах ажлаар ирж Монгол оронд хөл тавьжээ. Түүнийг Монгол оронд тахийг сэргээн нутагшуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 онд "Найрамдал" медалиар, 2022 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнажээ.
Монголд тахь сэргээн нутагшуулах 4 дэх төсөл Дорнод Монголын талд хэрэгжинэ
-Энэ удаа бидний Монголд ирсэн зорилго бол Дорнод Монголын нутагт шинээр тахь нутагшуулахаар сонгосон газартаа ажиллах, энэ шинэ төслийн талаар Монголын талын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт ярилцлага хийх байлаа.
Монголд одоо өнөөдрийн бидний ажиллаж буй Хустайн нуруу, бас Говийн их дархан газрын "Б" хэсэг, Хомын тал гэсэн гурван газар тахь эргэн нутагшиж өсөж үржиж байгаа. Харин Дорнод Монголд одоохондоо тахь байхгүй байна.
Тиймээс 2019 оноос Дорнод Монголын талд тахь нутагшуулах ажлыг эхлүүлэхээр ан амьтны тархалт, ургамлын гарц, төрөл зүйл, бэлчээр, газар нутгийн байдал, шимэгч шавж, өвлийн улиралд цаг агаарын нөхцөл ямар байдаг зэрэг маш олон төрлийн хээрийн болон биологи, газар зүйн гэх мэт судалгааг тал талаас нь хийсний үр дүнд Дорнод аймгийн Халх гол сумын Сүмийн хоолой гэдэг газрыг Монгол Улсад тахь нутагшуулах дөрөв дэх төслийн газраар эцэслэн сонгосон юм.
Монголын талтай удахгүй эцсийн бичиг баримтад гарын үзэг зурахаар төлөвлөж байна. Үүний дараа тээвэрлэлт, санхүүжилт зэрэг гол ажлууд үе шаттайгаар эхэлнэ.
Эхний ээлжинд бид Монголоос (Хустайн нуруунаас Халх гол руу тахь тээвэрлэн нутагшуулах эхний ажлыг 2026 онд багтаан хийхээр төлөвлөж байна) дотооддоо тээвэрлэлт хийж Дорнодод тахь нутагшуулах, цаашид цөөхөн тооны тахийг Чехээс тээвэрлэн авчрахаар төлөвлөж байна. Прагийн амьтны хүрээлэн энэ төслийн гол санхүүжилтыг гаргана, бас өөр эх сурвалжуудаас санхүүжилт босгох ажлыг зохион байгуулна.
Өнөөдөр дэлхий дахинд өрнөж буй Орос, Украины дайн зэрэг нь тээвэрлэлтийн нөхцөл байдлыг хүндрүүлэхээр байгаа. Учир нь манайх тахийн тээвэрлэлтийг Чехийн армийн онгоцоор хийж ирсэн уламжлалтай. Гэхдээ бид энэ асуудалд шийдэл олно. Энэ удаа бид Монголд байхдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Дорнод аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Уулзалтууд үр дүнтэй боллоо гэж бид дүгнэж байна.
Тэд бүгдээрээ Дорнод аймагт тахь нутагшуулах ажлыг халуун дотноор дэмжиж байгаа. Мэдээж цаашид эцэслэн тохирох зүйлүүд бидний хооронд бий. Аль аль тал нь энэ төслөөс үр дүн хүртэнэ гэж харж байна.
Тахь тээвэрлэх явц
-Манай амьтны хүрээлэн сүүлийн 12 жил Монголд тахь нутагшуулах талаар идэвхтэй ажиллаж байна. Би Прагийн амьтны хүрээлэнгийн захирал болсныхоо дараахан Прагаас 100 км-т байдаг тахийг бусад газарт тээвэрлэн нутагшуулахад дасгаж бэлтгэдэг төвд очсон юм. Хоёр хашааны 1 хашаанд гүүнүүд, нөгөө 1 хашаанд азарганууд байсан. Эднийг монгол руу тээвэрлэхээр төлөвлөж байсан ч тээвэрлэлт зогссон тул ингээд хэзээ дахин тээвэрлэлт эхлэхийг мэдэхгүй тул хүлээгээд байж байгааг төвийн захирал танилцууллаа.
Намайг энэ байдалтай танилцаад "эдгээр тахьнуудыг Монгол руу тээвэрлэх ажлыг зохион байгуулна" гэхэд төвийн захирал над руу "үнэн үү?" гэсэн байдалтай үл итгэсэн харцаар гайхан харж байж билээ.
Тэр жилүүдэд Монголд зуд болоод өмнө тээвэрлэн авчирч сэргээн нутагшуулсан тахьнуудын бараг 50 хувь нь үхсэн мэдээтэй байсан тул би Чехээс тахь тээвэрлэх ажлыг аль болох богино хугацаанд шуурхай хийхээр онгоц хайж ажилд орсон.
Яг тэр үед манай амьтны хүрээлэнгийн санхүүгийн байдал сайн биш байсан тул арилжааны буюу онгоц хөлсөлж тахийн тээвэрлэлт хийх боломжгүй байв. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабынхантай уулзаж, энэ учир байдлаа хэлээд Монгол руу тахь тээвэрлэхэд туслах санал тавьж, тэд ч онгоцоороо тээвэрлэхийг зөвшөөрсөн юм. Тэр үеийн Жанжин штабын даргаар өчигдөрхөн Чехийн ерөнхийлөгчөөр сонгогдоод буй (1 дүгээр сарын 28-нд) Петр Павел ажиллаж байлаа.
Ингээд 2011 оны 5 дугаар сард цэргийн CASA маркийн онгоцоор Монгол руу анхныхаа тахийн гүүнүүдийг тээвэрлэж, Ховд аймгийн нисэх онгоцны буудал дээр бууж байлаа. Тэнд онгоцноос дөрвөн тахийн гүүгээ Хомын тал руу машинаараа тээвэрлэж аваачсан.
Дараачийн тээвэрлэлтээ хийхдээ Ховдын Булганы онгоцны буудал руу хийж, тэндээсээ Говийн их дархан газрын "Б" хэсэгт тахийн гүүнүүдээ хүргэсэн. Энэ мэтээр манай хүрээлэн дээрх хоёр газар тахийн гүүнүүд авчирч нутагшуулсан түүхтэй. Одоо тэд маань өсөж үржээд хээр талдаа бэлчээрлэж явааг харахад үнэхээр бахархалтай байдаг.
Маш олон цаг тасралтгүй ажиллаж, улмаар 20 цаг онгоцоор нисээд, Монгол газар шороон дээр буусны дараа авчирсан тахьнуудынхаа хайрцагны тагийг дээш татаж, тахь гарч ирэх тэр агшин бол хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байсныг одоо эргэн дурсахад таатай байна
Манай хүрээлэнгийн өөрийн бие дааж хэрэгжүүлсэн тахь нутагшуулах төслүүд Хомын тал болон Говийн их дархан газрын "Б" хэсэгт ийнхүү хамааралтай болсон юм. 2011 оноос 2019 оны хооронд энэ хоёр газарт манайх 9 удаагийн тээвэрлэлтээр нийт 34 тахийн гүүг авчирч нутагшуулсан нь одоо өсөж үржээд олон болсон. Энэ бол бидний хамгийн том амжилтуудын нэг хэсэг. Гэхдээ тахийг тээвэрлэн авчрах нэг хэрэг. Хамгийн гол нь тэдний байгаль дээрээ амьдрахад дэмжлэг туслалцаа их чухал юм. Тийм учраас бид байгаль хамгаалагчдыг ажиллах таатай орчин, унаа машинаар хангах, судалгаа шинжилгээний ажилд нь туслах зэргээр хамтран ажиллаж байгаа.
-Та бүхэн гайхаж магадгүй. Бидний уулзаад зогсож буй энэ Хустайн нуруунд яг одоо Прагийн амьтны хүрээлэнд төрсөн нэг ч тахь байхгүй. Ганц тахь байсан л даа...Одоо харин байхгүй болсон.
Гэхдээ энэ нь Прагийн амьтны хүрээлэн Хустайд тахь нутагшуулахад оролцоогүй гэсэн үг биш. Монголд тахийг сэргээн нутагшуулах ажилд анхнаас нь манай хүрээлэн оролцож, тэр төслүүдэд тахьнуудаа өгч, тэднээс сонгогдсон нь Монголд нутагшсан.
Тэгэхээр Монголд нутагшсан эхний үеийн тахьнууд ихэнх нь Прагаас гаралтай, одоо ч Монголд байгаа ихэнх тахийн биеэр Прагийн амьтны хүрээлэнд байсан тахийн цус гүйж байгаа гэж болно
Манай хүрээлэнгийн Монголд тээвэрлэн авчирч нутагшуулсан тахьнууд ч бүгд Прагийн амьтны хүрээлэнд төрөөгүй, Европ дахь тахь байгаа олон газраас Прагад авчраад тэднээс сонгож тээвэрлэн нутагшуулсан юм шүү дээ...Тахийг сэлгэн нутагшуулахдаа хамгийн амьдрах чадвартай, тухайн очих орчиндоо дасан зохицох биологийн чадамжтайг нь сонгодог.
Манай Прагийн хүрээлэнд байсан тахиуд хамгийн гени сайтай, амьдрах чадвартайд үеийн үед тооцогдож ирсэн юм. Тиймээс Монголд, тодорхой хэлбэл уугуул эх нутагт нь тахийг сэргээн нутагшуулахад манай хүрээлэнгийн тахьнууд анхнаасаа сонгогдож ирсэн түүхтэй.
-Та нар дахиад гайхах уу? Яг одоогоор Прагийн амьтны хүрээлэнгийн нутаг дэвсгэрт нэг ч тахь байхгүй. Харин манай хүрээлэнгээс өөр Прага дахь нэг газарт 5 тахь, Прагаас 100 км газарт тахийг тээвэрлэн нутагшуулахаас өмнө дасгах төвд 30 тахь байгаа. Учир юу вэ гэвэл Прагийн амьтны хүрээлэн дэх тахь амьдарч байсан тэр газрыг шинэчилж өөрчлөн Монголын тал хээр, нугыг харуулсан "Бяцхан Монгол"-ыг бий болгохоор бид ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, амьтны хүрээлэн дэх тахийг үзэхээр ирсэн үзэгчид энд тахь үзэж, түүний түүх, байгаль дээрх амьдралын онцлог, биологийн талаас нь танилцахаас гадна энэхүү тахийн уугуул эх нутаг монгол орны тал хээр, нугын тухай, Монголд тахийг хэрхэн сэргээн нутагшуулсан тухай зэрэг бүхий л мэдээллийг цогцоор авдаг орчин энд бий болох юм.
Энэ бүхэн нь тахь төдийгүй монгол орныг дэлхий дахинд сурталчлах, үүгээр дамжуулан тахийн талаар олон нийтийн дундах ойлголтыг шинжлэх ухааны үндэстэй гүн гүнзгий болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэж бид харж байгаа.
Энэ ташрамд хэлэхэд, манай Прагийн амьтны хүрээлэн бол зай талбай, санхүүжилт, амьтдын тоо толгой, төрөл зүйлээрээ дэлхийн шилдэг амьтны хүрээлэнгүүдэд багтахгүй. Гэхдээ амьтан амьдрах хамгийн таатай орчин нөхцөлтэй дэлхийн 10 амьтны хүрээлэнд бол орно шүү...
Прагийн амьтны хүрээлэн бол энэ олон жилийн туршид Европт зөөвөрлөгдөн очсон тахийг устах аюулаас аврах ажилд хамгийн их хувь нэмрээ оруулж ирсэн, өдгөө ч тахийг эх нутагт нь сэтгээн нутагшуулах ажилд манлайлан оролцож буй газар. Тиймээс 2021 онд Дэлхийн амьтны хүрээлэн, аквариумуудын холбооноос Прагийн амьтны хүрээлэнд "тахийг аврах ажилд урт хугацаанд хувь нэмэр оруулсан" хэмээж WAZA Conservatoin Award дээд шагналаа олгосон байна. "Энэ бол бидний хувьд нэр төрийн хэрэг байсан юм" хэмээн ноён М.Бобек дурсав.
Прагийн амьтны хүрээлэн тахьтай болсон түүх 1930-аад онд эхэлжээ. Тус хүрээлэн 1934 онд анхны тахь адуугаа зэрлэг амьтны худалдаачдаас худалдаж авчээ. Улмаар 1959 оноос тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг тухайн үеийн амьтны хүрээлэнгийн захирал доктор, профессор Зденек Висиловский, Юрий Вольф нарын санаачилгаар эхлүүлсэн.
Энэ санаачилга явсаар 30 гаруй жилийн дараа бодит ажил хэрэг болж хэрэгжсэн юм. 1992 оноос Монголд эргэн ирж нутагшсан тахиуд дотор Прагийн амьтны хүрээлэнгээс гаралтай олон тахь байжээ. Учир нь Европ дахь тахийн хамгийн амьдрах чадвартай, генийн хувьд шилэгдмэлүүд нь Прага болон Мюнхений амьтны хүрээлэнгүүдэд байжээ. Тиймээс тэдний тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах төсөлд голчлон ашигласан байна.
Тахь нутагшуулах төслүүдийн зэрэгцээ Прагийн амьтны хүрээлэн сүүлийн жилүүдэд монгол бөхөн, монгол хавтгайг хамгаалах ажилд оролцож, тодорхой санхүүгийн тусламж үзүүлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ноён М.Бобек тэмдэглэн хэлж байна.
Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек WAZA Conservatoin Award шагналыг гардсаны дараа. 2021 он.
...Ноён Мирослав Бобек бидний дунд өрнөсөн энэхүү хөөрөлдөөнөөс үүдэлтэйгээр тахийн түүхийн талаарх доорх бичил тэмдэглэл төрснийг мөн толилуулж байна.
Тахь-энэ бол бидний шууд ойлгодгоор монгол нутагт байгаад хожмоо өнгөрсөн зууны дундуур байгаль дээрээ устсан, улмаар 1992 оноос Европийн амьтны хүрээлэнгүүдэд үлдсэн үр удмынх нь бодьгалаас уугуул нутаг нь авчирч сэргээн нутагшуулсан нэгэн зүйл зэрлэг адуу. Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь"-д ч "Тахь-амьтан, маш ховор болж байгаа зэрлэг адуу" гэжээ. Шинжлэх ухааны нэр нь "Пржевальскийн адуу" (EQUUS PRZEWALSKI PLOIAKOV, 1881).
Өдгөө дэлхий дээр 2000 гаруй тахь байдаг аж. Үүний 969 (2022 оны эцсийн байдлаар) нь Монголд, үлдсэн нь дэлхийн амьтны хүрээлэнгүүд, тахь үржүүлгийн газар, төвүүдэд бий. Монголд гурван газар тахь уугуул нутагтаа идээшин дасаж, өсөж үржиж байна.
Тодруулбал, анх 1992 онд эхний тахиудыг Европоос авчирч нутагшуулсан Говь-Алтай аймаг дахь Их говийн дархан цаазат газрын "Б" хэсэг-Тахийн тал, Бижийн гол зэрэг газарт 408, Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нуруунд 423 тахь байгаа бол хожим тахь нутагшуулах гурав дахь төслийг хэрэгжүүлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд 138 тахь байна.
Хустайн нуруу дахь тахийн сүрэг. 2023 оны нэгдүгээр сар.
Тахь-энэ үгийн язгуур утга нь тахиж шүтэхийн нэр. Тайлга тахилга, тахил өргөх, тахих шүтэх гээд аливаа зүйлийг хүндэтгэн дээдэлж, дээш нь залах утга гарна. Дахиад толь бичиг харья. "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-д ТАХЬ гэдэг үгээ харахаар I. Тахил болгож өргөх, шүтэх, II. Нэгэн зүйл зэрлэг адуу...гэсэн тайлбар байна. Эндээс монголчууд тахийг тахиж шүтэж ирсэн уламжлалтай, тахь гэдэг нэр нь ч тахиж шүтэн дээдлэх уламжлалаасаа өвлөгдсөн байх гэсэн таамаг гарч байгаа юм. Магадгүй.
Тахиж шүтэгдэж, онгон зэрлэг байгальдаа эрх тааваараа явсандаа XIX зууны сүүлчийг хүртэл нэгэн зүйл бие даасан зэрлэг адуу гэдэг нь мэдэгдэхгүй, нутгийн цөөн хүнд хааяа нэг үзэгдэж харагдах төдий нууцлаг явсан болов уу...
Гэвч бүх зүйл Төв Ази судлаач, Оросын жуулчин Н.М.Пржевальскийд нэгэн хилийн харуулын даргын бэлэглэсэн арьс, гавлын яснаас эхэлжээ.
Киргиз анчдын Зүүнгарын говиос агнасан гэх зэрлэг адууны гавлын яс, арьсыг Н.М.Пржевальский Петербургийн амьтны музейд 1870-аад оны сүүлчээр аваачиж өгч, улмаар түүнийг судлаач И.С.Поляков гэдэг хүн адууны төрлийн 22 зүйл битүү туурайтантай харьцуулан судлаад биеийн бүтэц, биологийн хувьд бие даасан шинэ зүйл бүхий зэрлэг адуу болохыг нь тогтоожээ. Энэ бол 1881 он байв.
Тахийн шинжлэх ухааны нэрийг EQUUS PRZEWALSKI PLOIAKOV гэдэг нь Пржевальскийн олж ирсэн адууг Поляков шинэ төрөл зүйл хэмээн нээсэн утга аж.
XIX зууны дундуур Европт зэрлэг адуу тарпан бүрэн устсан байсан тул Монголд илэрсэн шинэ зэрлэг адууны тухай дуулиан амьтан судлаачид, амьтны хүрээлэнгүүд болон амьтны наймаа эрхлэгчдийн сонирхлыг тэр дороо татаж, оросууд тэргүүлээд Зүүнгарын говь руу ирцгээжээ. Тэд нутгийн уугуул иргэдээс тахийн талаарх мэдээллийг цуглууж, эхний тахиудыг барьж авч, нутагладаг бүс нутгуудыг ч тогтоожээ.
Улмаар тахийн унага барих шинэ аян эхэлсэн байна. Энэ аянтай хамт тахь уугуул нутагтаа байгаль дээр устаж үгүй болох эхлэл ч тавигджээ.
Тахийн унага барих аян 1896, 1897 оны үед эхэлж, 1902 он, зарим баримтаар 1903, 1904 оныг хүртэл үргэлжилжээ. Мөнөөх оросууд тэргүүтэй Европийнхон нутгийн иргэдийг хөлслөн, хурдан морь, хурдан буугаар зэвсэглээд хөдөлгөжээ.
Тэд тахийн нутагт очоод унагатай тахьнуудыг эцэж цуцтал нь ээлжлэн хөөнө. Хамгийн түрүүнд тахийн азарга сүргээ хамгаалж хөөгчид рүү дайрна. Тэгэхээр нь азаргыг буудчихна. Азарга нь үхсэн тахь удирдлагагүй болж, тал тал тийшээ сарнин зугтана. Сүүлчийн мөчид унаган тахиа эх гүү нь хамгаалж, дахиад л хөөгчид рүү дайрна. Мөнөөх хөөгчид эхийг нь бас л буудаад хөнөөчинө. Ингээд хөөрхий унагыг бугууйлдаж бариад хөлсөлсөн эзэддээ аваачиж өгөөд мөнгө, шан харамжаа авна.
Ийм байдлаар дээрх он жилүүдэд 100 гаруй тахийн унагыг Орос болон Европ руу авч явжээ. Эдгээрээс замдаа ихэнх нь үхэж үрэгдээд 50-60 тахийн унага Европт очиж, амьтны хүрээлэн болон амьтан наймаалагчдын эзэмшилд очжээ. Эдгээр унагануудаас ердөө 13 нь үржилд орж, үр төлөө үлдээх чадвартай байсан байна. Өнөөдрийн дэлхий дээрх 2000 гаруй тахь бол энэ 13 тахийн шууд удам юм.
Монгол нутагт тахь байгаль дээрээ устах эхний гол шалтгаан нь дээрх тахийн унага барих аян. Үүгээр маш олон тахь, тэр дотроо сүргийн толгойлогч азаргануудыг алж устгасан. Үүнээс үүдэлтэй тахийн сүрэгт задрал бий болжээ.
Улмаар малчин айл өрхүүд тахийн уугуул эзэмшил нутгийг эзлэн малын бэлчээр болгож, тахь байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй бүс нутгууд руу шахагдсан байна. 1930, 1940-өөд онд баруун хил дамнасан Оспан тэргүүтэй казахууд болон хунхууз дээрэмчдийн бүлэг хилийн бүсэд бий болж, тэд тахийг олноор нь алж хүнсэндээ хэрэглэж байжээ.
Мөн 1944, 1956 оны бичин жилийн зуданд үлдсэн тахиудын ихэнх нь үхэж үрэгджээ. Ингээд үндсэндээ 1950-иад оны сүүлчээс тахь байгаль дээр үзэгдэх нь ховордсоор хамгийн сүүлд 1968 онд сүүлчийн тахь харагдсанаас хойш энэ амьтны сураг тасарсан байна. Тиймээс 1972 онд дэлхийн байгаль хамгаалах байгууллагаас тахийг байгаль дээр устсан амьтны тоонд оруулж, улмаар Европийн амьтны хүрээлэнгүүдэд үлдсэн бодьгалаас нь уугуул нутагт нь сэргээн нутагшуулах асуудлыг бодлогын түвшинд хөндөж эхэлжээ.
Тахь нь 1996 оныг хүртэл байгальд устсан амьтны тоонд орж байсан бол 2008 он хүртэл устаж байгаа, 2011 оноос устаж болзошгүй амьтны ангилалд ороод байгаа юм.
Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд тухайн үеийн хязгаарын цэргийнхний оролцоотойгоор 1947 онд Зүүнгарын говиос тахийн 2 гүү барьж, Төв аймагт байсан Жаргалантын морин заводод авчран тэнд байсан шилмэл үүлдрийн азаргануудтай эрлийзжүүлж, хэд хэдэн унага авсан бас нэгэн сонирхолтой түүх байна.
Эдгээр унагануудын нэг нь 1956 оны улсын баяр наадмын хязаалан насны морины уралдаанд түрүүлсэн ч гэгддэг. Энэ хоёр гүүний нэг "Орлица III"-г 1957 онд тухайн үеийн ЗХУ-ын Дээд зөвлөлийн дарга, маршал К.В.Ворошиловыг манай улсад айлчлахад бэлэг болгож, удалгүй Украины Аскани Новагийн амьтны хүрээлэнд хүргүүлжээ. Энэхүү гүү нь Европт цус нь ойртож мөхөх аюулд хүрээд байсан тахиудад дахин шинэ цус сэлбэж, түр зуур боловч аврагдахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Анх 1957 онд Прага хотноо болсон олон улсын хурлаар БНМАУ болон БНХАУ-ийн ШУА-иудад нэн ховордсон тахийг хамгаалж, судлахыг уриалж, Байгаль түүний нөөцийг хамгаалах олон улсын холбооны "Улаан ном"-ын бүртгэлд оруулсныг зарлажээ.
XX зууны эхээр Европт аваачсан тахьнууд амьдрах чадвар богинотой болж, 20-иос дээш наслах тахь ховордсон, хэдхэн бодьгалын хооронд үржилд орж цус ойртсон, өсвөр насны тахьнууд гурав хүртэлх насандаа үхэх нь огцом нэмэгдсэн, хүний эрхшээлд байгаа тахьнууд удмын сангийнхаа нь 60 орчим хувийг алдаж байсан гээд тахийн мөхөл ойртсон нь ийнхүү олон улсын түвшинд анхаарал хандуулахад хүргэжээ.
Прагийн амьтны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, доктор, профессор Зденек Висиловский, Юрий Вольф нар бол тахийг хамгаалж үлдээх үйлсэд хамгийн их хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн нэг.
Юрий Вольф гэхэд л амьтны хүрээлэнгүүдэд байгаа тахийн удмын бичгийг хөтөлж, судалгааны хэд хэдэн бүтээл гаргасан, хүний асрамжинд байгаа европ дахь тахийг эх нутагт нь эргүүлэн нутагшуулах анхны санаачилгуудыг гаргасан хүн юм
1957, 1959, 1963, 1965, 1976 онд хуралдсан олон удаагийн хурлаас дээрх эрхмүүдийн санаачилгыг дэмжиж тахийг буцаан байгальд нь нутагшуулах нөөц газар гаргахыг Монгол Улсад уриалж байжээ. Мэдээж манай улсын зүгээс ч энэ ажлыг дэмжиж, 1980-аад ны дунд үеэс идэвхтэй оролцон өөрсдийг саналыг хэлэлцүүлэн, ЗХУ-тай хамтарсан бэлтгэл ажлыг хангах төсөл төлөвлөгөөг боловсруулж, 1987 онд Богд ууланд тахь нутагшуулахаар эхний газрыг сонгож, тодорхой хөрөнгө гарган тахийн хашаа барих, худаг гаргах зэрэг ажлыг хийж байсан түүхтэй юм байна.
Харамсалтай нь Монгол болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан социалист системийн орнуудад 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр бий болсон задрал, нийгмийн шилжилтийн улмаас энэ ажил удааширч, зарим талаараа төлөвлөсөн ажлууд хэрэгжихгүйд хүрчээ.
Нэгэнт хуучин төлөвлөгөө бүтэхгүй, бүтсэн ч цаг хугацаа алдах нь тодорхой болсон тул Монгол Улсын Засгийн газар тахь нутагшуулах ажилд оролцох боломжтой бусад улс орнуудын дэмжлэгийг хайж эхэлжээ. Тухайлбал, Их Британийн Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж байсан юм байна.
Энэ бүхний үр дүнд Их Британи, Франц, Швейцарь, АНУ, Герман, Канад зэрэг орны эрдэмтэд оролцсон баг 1990 онд Монголд ирж, манай талтай хамтран хэд хэдэн газар үзэж, танилцсаны эцэст Бижийн гол, Тахийн талыг тахийг эх байгальд нь сэргээн нутагшуулах хамгийн тохиромжтой газар гэж үзжээ. Эдгээр газар нь тахийн уугуул нутаг байсан юм.
Харин Хустайн нурууг Монгол-Оросын хамтарсан биологийн экспедицийн санал болгосноор ШУА-ийн эрдэмтэд оролцож дараа нь сонгосон аж
Европоос тахь авчрах зардлыг хэн хариуцах вэ гэдэг гэдэг асуудал мэдээж гарав. Хамгийн түрүүнд ХБНГУ-ын Бавар мужийн иргэн Кристиан Освальд энэ ажлыг сонирхож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр 1980-аад оны дунд үеэс манай улсын ангийн гаралтай бүтээгдэхүүнийг олон улсад арилжихад оролцдог, БНХАУ-д тахь нутагшуулах ажилд оролцож байсан хүн байв. Ингээд түүнтэй хэлэлцээ хийж, ноён Освальд 1990 оны намар Их говийн дархан цаазат газрын "Б" хэсэг дэх тахь нутагшуулахаар сонгосон газрыг өөрийн биеэр ирж үзээд буцжээ.
Улмаар 1991 оны 4 дүгээр сард Тахийн талд шав тавьж, тахийн хашаа зэргийг барив. 1992 оны 6 дугаар сарын 6-нд ноён К.Освальдын оролцоотой анхны 5 тахь буюу 2 азарга, 3 гүүг Украины Аскани Нова дахь дархан цаазат газраас Улаанбаатарт онгоцоор тээвэрлэн авчирч, Улаанбаатараас Бижийн гол руу дахин онгоцоор тээвэрлэжээ.
Яг энэ өдрүүдэд Нидерландаас мөн 15 тахийг тээвэрлэн авчирч Хустайн нуруунд байршуулав. Энэ ажлыг Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг хамтран эхлүүлжээ. Биечлэн зохион байгуулж гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь Голландын тахь хамгаалах санг үүсгэн байгуулагч Ян Боуман юм.
Ийнхүү тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах хоёр төсөл 1992 онд зэрэг хэрэгжиж эхэлжээ. Хожим 2004 онд Хомын талд Франц улсаас 12 тахь авчирч нутагшуулснаар тахь сэргээн нутагшуулах гурав дахь төсөл нь хэрэгжиж эхэлсэн юм.
Өдгөө Тахийн тал, Хустайд тус бүр 400 гаруй, Хомын талд 100 гаруй тахь эх байгальдаа эрх тааваараа бэлчиж байна.
Хустай нуруу дахь гэрэл зургуудыг Т.Чимгээ. Мөн М.Бобекийн хувийн гэрэл зургаас энд ашиглав
Эх сурвалж: Монцамэ агентлаг. Ш.Батболд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.