Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай үүрэг, даалгавар өгч ажиллаж байна.
УИХ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газарт ажиллахдаа дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал,
-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулах,
-Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, зөрчлийг арилгуулах талаар хэрхэн ажилласан тухай,
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн хуульд хэрхэн хяналт тавьж байгаа талаар,
-Эрдэнэс таван толгой, Хөгжлийн банк зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлыг Аудитын байгууллага яагаад гаргаж ирэлгүй байдлыг хүндрүүлсэн талаар,
-Ард түмний нэрийн өмнөөс хяналт шалгалт тавьдаг үүргээ Төрийн аудитын байгууллага бүрэн хэрэгжүүлэхэд ажиллах төлөвлөгөөг гаргаж танилцуулах,
-Төрийн аудитын байгууллага 2022 онд гүйцэтгэсэн аудитын тайланг УИХ-д хүргүүлээгүй, хоцроож хүргүүлсэн шалтгаанаа тайлбарлах үүрэг өгсөн байна.
Энэ дагуу Үндэсний аудитийн газрын удирдлагууд Өчигдөр /2023.02.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн үүрэг, даалгаврын дагуу хэрхэн ажилласан талаараа танилцуулав. Тус газрын Аудитын нэгдсэн удирдлагыг зохицуулах газрын захирал Ц.Энхжавхлан ажлаа танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Төрийн аудитын байгууллагаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлого, чиглэл“-ийг баталж, ингэснээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, арга зүй тодорхой болж, ойлголтыг нэгтгэх, бодит хэмнэлт бий болгох, үр дүнг хэмжих, нэгтгэн дүгнэх боломж бий болсон.
Хоёрдугаарт, Төрийн аудитын байгууллага нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн санхүүгийн тайланд жил бүр санхүүгийн тайлангийн аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитыг хийж, аудитын тайланг Улсын Их Хуралд хүргүүлэн холбогдох этгээдэд зөвлөмж өгч ажилласан. Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг 2019 онд хийж, 18,659.0 сая төгрөгийн 6 зөрчилд албан шаардлага өгч, гэрээт олборлогч компанитай байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, хөрөнгө шилжүүлсэн асуудал болон худалдан авах ажиллагаа, нүүрс борлуулалтын гэрээтэй холбоотой 10 асуудлыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Гуравдугаарт, худалдан авалттай холбоотой буюу Тендерийн тухай хуулийг зөрчсөн асуудалд 309 аудитын зөвлөмж өгч, 213 албан шаардлага болон 19 төлбөрийн акт тогтоож, 3 асуудлыг Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан ажээ.
Төрийн аудитын байгууллага 2019 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийж , 786.9 тэрбум төгрөгийн дүнтэй нэг (1) албан шаардлага өгсөн бөгөөд 540.8 тэрбум төгрөгийн дүнтэй албан шаардлагын биелэлтийг тус тус ирүүлж байжээ. Хөгжлийн банкны тухайд хуулийн өөрчлөлтөөр олон улсын Аудитын байгууллагаар аудит хийлгэхээр өөрчилсөн аж.
Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн оролцож, Үндэсний аудитын байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бэлтгэн танилцуулж байгааг үнэлээд Төрийн аудитын хуулийн зарим заалтыг тодорхой болгож, төрийн санхүү, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэх, үр ашигтай зарцуулах, төлөвлөх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлэхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай байгааг онцоллоо. Тэр байтугай хэвлэл, мэдээллээр гарч буй мэдээллийг нягталж, ард түмэндээ үнэн зөвийг эргэн мэдээлж байх ёстой. Төрийн аудитын байгууллага нэг талаар “шүгэл үлээх” байгууллага төдийгүй авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй. Цаашид УИХ-ын Төсвийн байнгын хороогоор ажиллах төлөвлөгөөгөө батлуулж, төрийн хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Төрийн болон төсвийн хяналтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх үүрэг өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.