СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалт болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос 21 аймаг, 9 дүүргийн залуучууд, сайн дурын даатгуулагч, малчдын төлөөлөлтэй хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалт өнөөдөр (2023.02.10) зохион байгуулагдав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Туваан нар оролцов.

Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна. Гэсэн ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах шаардлага тулгарч эхэлсэн. Иймд тус хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй гэж Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хэлэв.

Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийв. Хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Мөн нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсхүл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан 7 жилийг 5 жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан гэж мэдээлэв.

Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хүртэх үр шимийг иргэдэд ойлгуулах, тэтгэврийн зээлийг зогсоож зөвхөн  ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах боломжоор хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, санал авах цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.