Гурван өгүүлбэрээр:
Анхны арилжаа амжилттай
Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан нүүрсний цахим арилжаа амжилттай хийгдлээ. Эхний арилжаагаар "Эрдэнэс Тавантолгой" компани нийт таван багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрс худалдсан байна. Нүүрс арилжаалах доод үнийг компаниуд өөрсдөө зарлаж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой" компани доод үнийг 178.6 ам.доллароор зарласан бол хэлцэл 179.1 ам.доллароор хийгджээ. Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа өнөөдөр явагдана.
Бидэнд таатай зорилт
Монгол Улс нүүрсний цахим арилжааг албан ёсоор эхлүүлээд байгаа бол БНХАУ Ганцмод боомтоор 2025 он гэхэд жилийн дүнгээр 30 сая тонн нүүрс импортолж, коксжуулах болон баяжуулах үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэм өгөх зорилт тавьсан байна. Тус улсын хуурай замын хамгийн том боомт болох Ганцмод боомтоор 2022 онд 18 сая тонн нүүрс импортолжээ. Түүнчлэн "SXCoal"-ийн мэдээлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын тал хоёрдугаар сарын наймны өдөр 926 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэснээр зургаан өдөр дараалан нүүрс тээврийн автомашины тоо 900 даваад байгаа аж.
Байр суурь
"БНХАУ хилээ нээж, хориг хязгаарлалтууд зөөлрөөд ирэхээр импортын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхийн зэрэгцээ барилгын зах зээл тэлж эхэлнэ гэж найдаж байна. Царцанги төслүүдээ үргэлжлүүлэх боломжгүй, зах зээлийг ажсан байдалтай байсан барилгын компаниуд энэ онд эргээд идэвхжиж, барилгын салбар хоёр дахин илүү хурдацтайгаар өснө гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ хамгийн том эрсдэл нь валютын ханш. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харвал Цагаан сарын баярын дараа юанийн ханш чангардаг жишиг бий" хэмээн "Монгол Базальт" ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
Орлого ба инфляц
2022 онд жижиглэн худалдааны салбарын борлуулалтын орлого 22.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 27.2 хувиар өссөн нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр дүн болж байна. Бөөний худалдааны салбарын борлуулалтын орлого мөн л гурван жилийн дээд түвшинд хүрч, 15.5 их наяд төгрөг давсан нь өмнөх оноос 33.1 хувиар өссөн дүн болжээ. Худалдааны салбарын нийт орлогын өсөлтийн дийлэнх хэсгийг шатахууны борлуулалтын орлогын өсөлт бүрдүүлж байгаа юм.
"HBOil"-ийн тайлан
Хог хаягдлыг цуглуулах, ариутгах, боловсруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Хай Би Ойл" ХК 2022 онд 125.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласны зэрэгцээ 744.2 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх онтой харьцуулбал ойролцоогоор тав дахин өссөн үзүүлэлт болжээ. Тус компани өнгөрсөн онд үйл ажиллагааны зардлаа бууруулах зэргээр зардлаа танах чиглэлд анхаарсан нь ашигт үзүүлэлт өсөхөд голлон нөлөөлснийг онцолсон байна.
АН-ыг хэн удирдах вэ?
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар БСШУ-ны сайд асан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн байна. Талууд Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг тус намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хүргүүлээд байсан юм. Дээд шүүхийн шийдвэрээр Л.Гантөмөрийг намын даргаар сонгох үйл ажиллагаа нь Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу явагдсан гэж үзжээ.
Алдагдсан никель
Таваарын зах зээлийн гол тоглогчдын нэг "Trafigura"-ийн худалдан авсан никелийн тээвэрлэлтүүд нь үнэндээ ямар ч никель агуулаагүй байж таарснаар тус компани 577 сая ам.долларын алдагдал хүлээгээд байна. Компани уг хэргийг мөшгөн илрүүлэхэд сүүлийн хоёр сар зарцуулсан бөгөөд үүнийг нарийн зохион байгуулалттай луйвар гэж үзэн, арилжааг хийсэн Энэтхэгийн бизнесмен Пратек Гуптагийн эсрэг хуулийн арга хэмжээ авч эхлээд байна. Мөн үүнтэй холбоотойгоор тус компанийн никель, кобальтын арилжааны хэлтсийн захирал ажлаа өгөхөөр болжээ
Алтны жил
Сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрч буураад байсан Төв банкнуудын алтны эрэлт хоёр жилийн дараа эрчимтэй сэргэж, 2022 онд нийт алт худалдан авалт 70 гаруй тэрбум ам.доллароор үнэлэгдэх хэмжээнд буюу 1136 тонн хүрснийг Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. Алт худалдан авалтын энэхүү түвшин нь 1950 оноос хойш огт давтагдаагүй үзүүлэлт болохыг тус байгууллага мөн баталсан байна. ОХУ, Турк, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын алт худалдан авалт улам нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ. "Эдгээр хөдөлгөгч хүчнүүдэд өнгөрсөн оны үйл явдлууд улам эрч нэмж байна. Нэг талаас геополитик, нөгөө талаас макро эдийн засгийн тодорхойгүй байдал, савлагаа маш их байсан" хэмээн Дэлхийн алтны зөвлөлийн шинжээч Кришан Гопаул онцлов.
Шинэ өрсөлдөгч
"Tesla"-ийн гол өрсөлдөгч гэгдэж буй БНХАУ-ын цахилгаан автомашины стартап "Xpeng" Дани, Норвег, Нидерланд, Швед улсад өөрийн седан ангиллын "P7" болон SUV ангиллын "G9" загварын автомашинуудаа худалдаалж эхэллээ. Эдгээр улсад "Tesla" борлуулалтаа дэмжих үүднээс автомашинаа хямдралтай үнээр борлуулж байгаа ч "Xpeng P7" загвар түүнээс ч доогуур үнээр борлуулагдаж байгаа аж. Хэдий тийм боловч "Xpeng" компанийг Европын зах зээлд "Tesla"-аас гадна цахилгаан автомашины хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө хаяад байгаа ХБНГУ-ын "Volkswagen" болон БНХАУ-ын бусад автомашин үйлдвэрлэгч компаниудын ширүүхэн өрсөлдөөн хүлээж байна.
Гар цүнхний магнат
Хонгконгийн тэрбумтан Жозеф Лау "Sotheby's" компанийн дуудлага худалдаагаар дамжуулан нэг ширхэг "Chanel", 76 ширхэг "Hermes" гар цүнх зарж 3.2 сая ам.доллар "цүнхэлжээ". Энэ нь Азийн зах зээлд нэг эзэмшигчийн хийсэн хамгийн өндөр дүн бүхий гар цүнхний худалдаа болсноороо онцлог юм. Зарагдсан бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2006 онд бүтээгдсэн матрын арьсан "Birkin 25" цүнх байсан бөгөөд 193 мянган ам.доллароор зарагджээ. Энэхүү наймааны дараа Жозеф Лаугийн эзэмшилд 1500 гаруй, түүний гэр бүлд 1000 гаруй "Hermes"-ийн тансаг цүнх үлдсэн байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Туркийн Ерөнхийлөгч гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг жилийн дотор сэргээн босгохоо амлав
III улиралд “Toyota”-ийн ашиг өсөлттэй гарсан ч ашгийн төсөөллөө хэвээр үлдээв
АНУ-ын Төв банкны гишүүд бодлогын хүүг илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай гэж үзэж байна
Онцлох чарт
"Hindenburg Research"-ийн дуулиан дагуулсан тайлангийн уршгаар Энэтхэгийн тэрбумтан Гаутам Аданигийн алдсан хөрөнгийн хэмжээ пүрэв гарагийн байдлаар 109 тэрбум ам.доллар хүрээд байна. Түүний бизнесийн эзэнт гүрэн олон жилийн турш төрөл бүрийн булхай луйвар ашиглаж тоон үзүүлэлтээ зохиомлоор хөөргөдөж байсныг мэдээлсэн 100 нүүр бүхий тайлан нэгдүгээр сарын 24-нд хэвлэгдсэнээр бүх зүйл эхэлсэн юм. "Adani Group" үүнийг эрс үгүйсгэсэн ч хөрөнгө оруулагчид нь тэр даруй дүрвэснээр зах зээлийн үнэлгээ нь 236 тэрбум ам.доллароос 127 тэрбум ам.доллар болж унаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.