СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-02-10

УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, судлаач эрдэмтдийн төлөөлөлтэй уулзав.

Монгол хүний бие бялдрын өвөрмөц онцлог, амьдралын чанар, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, удамшлын эрсдэлт хүчин зүйлийг судлах, нотолгоонд суурилсан бодлогыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд эрүүл амьдрах дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжлэгт орчинг бий болгох зорилго, чиглэлийг баримтлан ажиллаж буй тус төв 130 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдгийн 60 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид бол ажиллагсдын 20 нь гэрээт ажилтан байдаг. Тиймээс төвийн бүтцийг нэн даруй шинэчлэн баталж гэрээт ажиллагсдынхаа асуудлыг шийдэх шаардлага байгаа болон нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй гэдгийг тус төвийн удирдлагууд хэлж байв. Түүнчлэн санхүүжилт хангалтгүйгээс нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэхэд хүндрэл учирч буйг танилцуулж дэмжлэг хүссэн юм.

Мөн Монгол Улсад ганцхан байгаа вакцин, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP шаардлагад нийцсэн, өндөр технологижсон үйлдвэрийн байр, цогцолбортой болгоход анхаарал тавихыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Биобэлдмэлийн үйлдвэрт түшиглэн биотехнологийн судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах шаардлага байгааг ч дуулгасан. Түүнчлэн Вакцины хяналтын лабораторийн барилгын санхүүжилтийг шийдүүлэх шаардлага байгаа гэдгийг нэмж хэлсэн юм.

С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр онцгой анхаарч эрүүл мэндийн салбарын анхдагч суурь хууль болох тул хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын санал чухал гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайдын хувьд иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах байр суурь барьж буйгаа танилцуулсан. Энэ ажилд НЭМҮТ-ийн үүрэг оролцоо их гэдгийг ч тодотгож байв.

Тэрбээр санхүүжилттэй холбоотой асуудлаар “Манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 11 орчим хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа нь ДЭМБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн агентлагуудын зөвлөмж болгож буй 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтоос гурав дахин бага үзүүлэлт төдийгүй энэхүү зардлын дийлэнх хувийг олон улсын зээл тусламж эзэлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжид чухам ямар үйлчилгээг оруулбал зохих тухай Дэлхийн банк, ДЭМБ хамтран 1990-ээд оны дунд үед эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүгээр нэг иргэнд жилд үзүүлж болох тусламж, үйлчилгээний багцын өртөг зардлыг тооцоод нэн буурай хөгжилтэй орнуудад 12 ам.доллар, дундаж хөгжилтэй орнуудад 21.5 ам.доллар хэмээн гаргасан байдаг. Харин манайд өнөө хэр ийм тооцоолол хийгдээгүй байдаг юм билээ” хэмээгээд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулж буй төсвийн хуваарилалт дэлхий нийтийн чиг хандлагаас эрс ялгаатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хэлбэр рүү явж буйд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн. Учир нь олон улсад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 21-100 хувийг эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 58 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд . Түүнээс гадна эрүүл салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд тохиромжтой эсэхийг үнэлэх шаардлагатай гэв.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг судлаачид эрдэмтдийг дэмжихэд ч анхаарах бөгөөд судалгааны ажлыг санхүүжүүлэх, үр дүнг нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх ажлыг ЭМДэмС-гаас гадна Шинжлэх ухаан технологийн сантай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.