Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан хэрэгт холбогдсон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нар болон тэдний өмгөөлөгчид гомдол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан хэмээн тэднийг 2022 оны дөрөвдүгээр сард саатуулж, орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгслээр зогсохгүй, зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл зэргийг хурааж авсан байдаг. Мөн нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэсэн мэдээллийг ТЕГ-аас хэвлэлийн бага хурал хийхдээ өгч байсан билээ.
НПГ-аас Г.Болдбаатар, М.Өнөржаргал, Г.Нэргүй, М.Чинтэнгэр, С.Баатар нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан”, Г.Болдбаатарт дээрх хоёроос гадна бусдын амийг хөнөөхийг завдсан хэмээн мөн хуулийн 10.1-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Г.Болдбаатар нь 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт иргэн Л-ийг буудаж шархдуулсан байдаг.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцэж, С.Баатарыг байлдааны галт зэвсэг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй хэмээн дүгнэж цагаатгасан. М.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсэгт заасан “байлдааны гал зэвсэг хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Говь-Алтай аймгаас, М.Чинтэнгэрийг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай гэж дүгнэн Хан-Уул дүүргийн нутгаас хоёр жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон. Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял эдлүүлэхээр болсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч оноосон ялыг нь хэвээр үлдээжээ.
Мөн тус шүүх өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээв. Анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг бусдад хахууль өгсөн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жил дөрвөн сар хорих, хоёр шүүгчид 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Харин “Улаанбаатар импэкс” ХХК, түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.