СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-10

Х.Болорчулуун: Үхэр ээмэгжүүлэх зардлыг дараа жилээс малчид хариуцна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХАА-н салбарт чиглэсэн гурван шийдвэр гарсны нэг нь үхэр сүргийг ээмэгжүүлэх ажил.

Манай улс нийт 5,5 сая үхэр сүрэгтэй бөгөөд 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх ажлыг хийснээр тухайн малын гарал үүслийг тодорхой болгож, олон улсад махаа экспортлоход түлхэц болно хэмээн үзсэн. Гэвч олон нийтийн сүлжээнд энэ ажлыг буруутгах хандлага давамгайлж буй.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Дэлхийн бүх улс орон мал сүрэг, тэр дундаа үхэр сүргээ 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн байдаг" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр, “Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ гэж заасан. Нэгдсэн цахим системд оруулна. Ингэснээр дараах давуу талууд бий болно. Үүнд

1. Тухайн малын нас, хүйс, үүлдэр угсаа, ашиг шимийн байдал зэрэг бүхий л мэдээллийг дахин давтагдашгүй зураасан кодтой ээмэгний тусламжтайгаар бүртгэж, Малын бүртгэл мэдээллийн цахимд санд оруулах боломж бүрдэнэ.

2. Тухайн мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь аль аймгийн, аль сумын, аль багийн, хэн гэдэг малчны хотоос гарал үүсэлтэй болох нь тодорхой болно.

3. Тухайн малд ямар вакцин хэдийд хийсэн, тарилга туулгалтад цаг тухай бүрд хамрагдсан эсэх мэдээлэл бүрдэхээс гадна вакцин тариулаад, биеэс нь гадагшлах хугацаа дуусаагүй байхад хүнсэнд хэрэглэх явдал үгүй болно.

4. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хянах нөхцөл бүрдэнэ.

5. Малын генетик нөөцийн тухай хуульд "Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн малын бүртгэлийг үндэслэнэ гэж заасан байдаг.

Хэдийгээр мал сүрэг хувь хүний өмч ч Монгол Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлд "Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж зааснаар энэ жил 5.5 сая үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэн цахимд оруулах ажлыг нэгэн зэрэг зохион байгуулах гэж байгаа юм.

Харин дараа жилийн төлөөс эхлэн малчид ээмэгжилтийн зардлаа хариуцна.

Уг ажилд шаардлагатай багаж, ялган тэмдэглэх хэрэгслийг Дэлхийн банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн эх үүсвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, МЭЕГ зохион байгуулна.  Харин тендер шалгаруултыг Яам бус Төрийн худалдан авах газар хийх болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.