СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Баттулга: 800км төмөр зам бол бидний бахархах юмны маань нэг шүү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар үргэлжилж байна.

Тус асуудалд гэрчээр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Төмөр замын агентлагийн дэд дарга асан Л.Пүрэвбаатар, Монголын төмөр замын ерөнхий инженер асан Д.Нямлхагва, Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарын хүмүүс оролцож байна.

Энэхүү төсөлтэй холбогдуулан "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нарыг дуудсан байна. Гэсэн ч өөрсдөө оролцох боломжгүйгээ илэрхийлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч Д.Пүрэвбаатарыг оролцуулахаар болжээ.

Засгийн газрын 2012 оны 32,33-р тогтоолын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төслийн зээлийн зарцуулалт үр дүнгийн талаар шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Шинжээч: Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх төсөлд 200 сая ам.доллартай тэмцэх төгрөгийн санхүүжилт олгож, уг санхүүжилтийг төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцож бүртгэх, 2016 оны 83, 84-р тогтоолоор 4.6 сая ам.доллар 3.6 тэрбум төгрөгийн зээл олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, эргэн төлөгдөхөд шаардагдах хөрөнгийг тухай бүрт улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайдад даалгасан байна.

Хөгжлийн банк ЭЗХЯ, ЗТЯ, Монголын төмөр зам ТӨХК 200 сая ам.доллаын зээлийн гэрээг 2013.05.06-ны өдөр, Хөгжлийн банк болон Монголын төмөр зам ТӨКХ нь 4.6 сая ам.доллар 3.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг 2016.09.29-ний өдөр тус тус байгуулжээ.

Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөгжлийн банк дахь зээлийн дансны хуулга болон талуудын 2017.03.21-ний өдрйн санхүүжилтийн тооцоо нийлсэн актаас үзэхэд нийт 18 удаагийн гүйлгээгэр 224.4 сая ам.доллар 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Хөгжлийн банкнаас олгосон төгрөгийн зээлээс 2.4 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээний Nippon Koei Co Ltd-д гэрээт ажлын байрын төлбөрт шилжүүлсэн бөгөөд уг зээл улсын төсөвт шилжих үед 1.2 тэрбумын үлдэгдэлтэй байжээ.

Монголын төмөр зам ТӨХК болон Samsung C&T corporation Эс Си Ти И Си Эм ХХК 439.840.000 ам.долларын үнийн дүн бүхий Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчийн EPC гэрээг 2013.05.06-ны өдөр байгуулсан.

Хөгжлийн банк зээлдэгч МТЗ ТӨХК-иас ирүүлсэн хүсэлт, ажлын гүйцэтгэлийн дагуу нийт 223.1 сая ам.долларын зээлийг компаниудад ам.доллар болон төгрөгөөр шилжүүлсэн байна. Уг зээлийг улсын төсөвт шилжих үед 1.2 сая ам.долларын үлдэгдэлтэй байжээ.

Төмөр замын царигаас үл хамааран хоёр улсын хил хүртэлх төмөр замыг барих ёстой хэдий ч бүрэн дуусаагүй, Монголын төмөр зам ТӨХК-ийн ажил эхлэх үед хүлээн авсан ажлын тоо хэмжээ болон “Самсунг Си энд Ти” ХКК-ийн гэрээг цуцлах хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ тогтоосон ажлын хэсгийн тайлан актыг ирүүлээгүй. Мөн нийт 208 км төмөр зам баригдсан, төлөвлөж буй байршлын хувьд 12 км орчим өндөржилтийн хувьд 30метр орчим зөрүүтэй байгаа тухай тайлбарын өгч байсан байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Х.Баттулга таныг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад 100 км төмөр зам барих ажлын ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбат, хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар А.Гансүх томилогджээ. Та энэ шийдвэрийг гаргасан уу?

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

-УИХ-аас 2010 онд төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан. Арав гаруй жилийн турш янз бүрийн юм болж явж, Covid-19 цар тахлын үеэр дэлгэмлээрээ бол 800 км төмөр зам барьсан. Төмөр замын асуудлыг 2015-2017 он хүртэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгасан. 2016 онд би албан тушаалтай байгаагүй, иргэн хүн байсан. Энэ их зовлон, дарамт шахалт дундуур явсаар Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байх үед ажлын хэсэг байгуулаад монголчууд хилээ хааж байгаад хоёр жилийн дотор 800-гаад км төмөр замаа барьчихсан. Өөрөө янз бүрээр л хэлээд байна. Бидний бахархах юмны маань нэг энэ шүү.

Ч.Ганбат зөвлөхөөр ажиллаж байсан, “Маккензи” орж ирээд Монголын талын партнераа сонгосон. Ж.Бат-Эрдэнийн тушаалаар тавигдсан. Юуг яаж мушгих гээд байгаа юм. Төмөр замаа монголчууд барьсныг би бахархаж байгаа. Монголын төмөр зам гэдгийг ойлгож байгаа юу. Бид нар 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголын төмөр замыг байгуулсан. Монголын газар нутаг дээр Монголын төмөр зам компани явах ч ёстой гээд оросуудтай муудалцаж байсан. Төмөр замыг бариулахгүй гэж маш олон оролдлого хийсэн. Байгалийн баялгаа 30 жил ашигллалаа, юутай болсон юм? Төр өөрийн гэсэн нууцтай байх ёстой.

Шадар сайд асан Н.Алтанхуяг:

-Есөн жилийн өмнөх асуудал учраас сайн санахгүй байна. 2012 онд Сү.Батболдын Засгийн газар төмөр замыг барья гээд "Энержи Ресурс", "Дорнын төмөр зам" компаниудад эрхийг нь өгсөн. Тэр үед Х.Баттулга Зам, тээврийн хөгжлийн яамны сайд биш А.Гансүх байсан. Тогтоолыг нэг бүрчлэн гаргадаг хүн чинь салбарын сайд юм. Миний ойлгосноор "Энержи Ресурс" ХК-д урагшаа явдаг хатуу хучилттай замыг барих эрхийг нь өгөөд, ганц монопол компанитай болчихсон байсан. Урагшаа явдаг төмөр зам барих эрхийг мөн л "Дорнын төмөр зам"-д өгчихсөн байсан. Уг нь бол төрийн өмч зонхилсон компани төмөр замын суурь бүтцийг өмчлөх ёстой. Миний санаж байгаа хоёр гол нөхцөл нь энэ байсан. Тиймээс А.Гансүх сайдын оруулж ирсэн тогтоолыг Засгийн газар хэлэлцэн дэмжээд, энэ компаниудтай хийсэн концессийн гэрээг цуцалсан.

Төрийн өмч давамгайлсан байх ёстой гэсэн агуулгаар Засгийн газрын тогтоол гарч байсан. Киногоо дундаас нь үзэх биш урагшлуул. 2010, 2011 он руу аваач. Би гурван удаа гэрчээр орж ирлээ. Яагаад миний өмнө байсан Ерөнхий сайдууд энд байхгүй байгаа юм бэ. Яагаад тэр хэсгийг тасалж үлдээгээд байгаа юм. Монгол Улсын Хөгжлийн банкны түүх Н.Алтанхуягаас эхэлнэ гэж олон нийтэд харагдуулах гээд байна. Тийм юм байхгүй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Сү.Батболдыг гэрчээр дуудах ёстой гэх байр суурийг дэмжиж байна. Х.Баттулга ч үдээс өмнөх сонсголд Ч.Хүрэлбаатарыг ярьсан. Энэ хүнийг ч бас дуудмаар байна. Энэ шаардлагуудыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Шинжээч ийм хүмүүсийг дуудах ёстой гэж нэрс гаргаж өгдөг. Түүнийг нь би ажлын албанд уламжилдаг. Сая Т.Доржханд гишүүний хэлсэнчлэн тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайд байсан Ч.Хүрэлбаатар нарыг ажлын алба дуудахыг хүсье.

Зам тээврийн сайд асан А.Гансүх:

-Шинээр барихаар заасан төмөр замын төслийн суурь бүтцийн концессийг уралдаант шалгаруулах нь Үндэсний аюулгүй байдалд харшлана гэж үзсэн тул Концессийг төрийн өмчид шууд гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай тогтоол гарч байсан. Харамсалтай нь 2012 оны тавдугаар сард Сү.Батболдын Засгийн газар гаргасан шийдвэрээ өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгоод хувийн компаниудад төрийн өмчит компаниудад аваад өгчихсөн. Миний санаж байгаагаар ҮАБЗ-ийн хоёр, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дугаар заалт бүгд зөрчигдөж байсан. Мөн "Энержи ресурс" ХХК нарийн царигаар ТЭЗҮ-гээ хийчихсэн байсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийг зөрчиж байсан. Эдгээр бичиг баримтыг үндэслэн бид шийдвэр гаргаж байсан. Засгийн газар ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу шийдвэрлэсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.