СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болж байна. Тус хуулийн талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:

-Шинэчлэн найруулсан Газрын тухай хууль нь ашиг сонирхлыг бус улс орон, иргэний нийтлэг эрх ашгийг хангахад анхаарах нь чухал юм. Манай улс газрын хуульдаа нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Өнөөдрийн байдлаар 370 гаруй субъект газар олгох шийдвэрийг гаргадаг. Үүнээс үүдэж төлөвлөлтгүй, давхардал үүсэх асуудал яригддаг. Энэ байдлыг өөрчилж иргэд, олон нийтийн саналыг тусгаж боловсруулж, аймаг, нийслэл, сум, Засаг дарга өргөн мэдүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар цахим системээр шийдвэрлэдэг болно. Мөн гаргасан шийдвэртээ дээд шатны өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Төлөвлөсний дагуу газар олгодог болно гэдэг зарчмыг баримтална.

Өнөөдрийн байдлаар 7 дэд систем, 2 мэдээллийн сан бүхий газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан газар төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, нөхөн сэргээх, хамгаалах, газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль эрх зүйн орчин бүрдэнэ.

Өөрийн өмчийн газраа бусад иргэн, хуулийн этгээдэд өмчлүүлэх болон барилга байгууламж барих газрын эрхээр шилжүүлэх, гэрээний үндсэнд хуульд заагдсан зориулалтаар ашиглуулах боломжтой болно. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар зөвхөн гадаадын иргэн, хуулийн этгээд газрыг ашиглах эрхтэй байдаг бол Газрын ерөнхий хуулийн төслөөр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг бүрэн нээж өгч байгаа. Тухайлбал, улсын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмалын лиценз бүхий талбайд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулдаг болно.

Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төр, нийтийн өмч байх бөгөөд бусдад ашиглуулах төрөл, зориулалт, хэмжээ, хязгаарыг тусгайлан заасан.

Газар ашиглалтын бүсчлэл түүний дүрмийг аймаг, нийслэлийн ИТХ-ын хурал, Засгийн газар тогтооно. Ингэснээр хот байгуулалт, газрын харилцааны уялдаа холбоо сайжирна. Нийтийн эзэмшлийн газрыг дур мэдэн ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт дундын мэдлийн газрын эрхээр олгоно. Энэ маргаантай асуудал.  

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх, хугацааг сунгуулах хүсэлт гаргаад гурван сараас нэг жилийг зарцуулдаг гэсэн судалгаа байна. Шинэ хууль батлагдсанаар уг хүсэлтийг ажлын 18 хоногт багтаан шийдвэрлэдэг болно гэж үзэж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.