Виртуал хөрөнгө буюу койн, токены улмаас хохирсон иргэдтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар:
-Койн, токен, виртуал хөрөнгөтэй холбоотой 468 хэрэг шалгагдаж, дөрвөн иргэн нь виртуал хөрөнгө гаргаад, хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ тоо долоо болж өөрчлөгдсөн. Нийт шалгагдсан 471 хэргийн 86 нь гадаадын крипто валюттай холбоотой хэрэг байна. 385 нь 82 хувь нь дотоодынх байна. Дийлэнх нь нууц үгээ алдсан, залилуулсан хэргүүд байна.
Одоогийн байдлаар койн, токен хөрөнгө татан төвлөрүүлсэн нийт 64 этгээдийг шалгаж байна. Эдгээр иргэд, байгууллагууд хөрөнгөө хэрхэн татан төвлөрүүлсэн талаар судалж шалгаад мөрдөн шалгах ажиллагаа явагдана.
Цагдаагийн байгууллага хохирсон иргэдийн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Олон төрлийн мөрдөн ажиллагаа явагдаж байж нотолдог. Мөн шүүхээр ороод шийдэгдсэн хэд хэдэн хэрэг байна. Түүнээс гадна гадаад улсын бирж рүү Монголоос алдсан байсан крипто валютыг эргүүлэн татаж, хохирлыг нь нөхөн төлүүлсэн хэрэг байгаа. Хоёр хэрэгт 700 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан.
СЗХ-ны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн референт Б.Батмөнх:
-Сүүлийн хоёр жил койн тойрсон асуудал манай улсад үүссэн. 2022 онд энэ асуудлыг шийдвэрлэх хууль баталж мөрдөж эхэлсэн. Хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх 12 этгээдийг бүртгэсэн. СЗХ-оос 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийг баталж, хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Уг хуулийн хамгийн гол зохицуулалт нь койн, токенийг зохицуулсан хууль бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хянан шалгахтай холбоотой хууль юм. Энэ хуулиар олон нийтээс хувийн дансандаа хөрөнгө татах асуудал зогссон. СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид олон нийтээс хөрөнгө татах, шинээр койн, токен гаргах процесс явагдана.
Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улсад энэ төрлийн харилцааг зохицуулаагүй байдаг. Мөн койн, токений асуудал өндөр эрсдэлтэй гэдгийг ЦЕГ болон СЗХ-оос анхааруулга мэдээлэл явуулж байсан. 2021 оноос хойш ойролцоогоор 30-40 анхааруулга мэдээлэл хүргэсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.